• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-09-18 14:24:37

БИД ГУРВЫН ТҮҮХ

Би жирийн л нэг залуу гэр бүлийн гэрийн эзэгтэй, хүн чанараар бялхсан сайхан хань, хоёр ой гарантай хүүтэй. Найман хувийн зээлтэй учир хүүгээ төрүүлээд таван сарын дараа ажилдаа эргэн орсон, одоо ч ажилласаар л байна. Хүүг маань ээж, эгч нар маань харж өгдөг байсан юм. Би бээр компанийнхаа тэргүүний, шилдэг ажилтнуудын нэг гэж байгаа. Ажилдаа дуртай, ахиж дэвшиж өөрийгөө хөгжүүлж, улам ихийг бүтээх хүслээр оргилсон тийм нэг залуу эмэгтэй.

Энэ хүсэл тэмүүлэл, гадаадад сурах мөрөөдлийг маань гадарласан компанийн удирдлагууд намайг Лондон хотын нэгэн нэр хүндтэй их сургуульд дөрвөн жил суралцуулахаар болж, сургалтын зардлыг маань 100 хувь компаниас даах үгээр ч зүйрлэхийн аргагүй том боломжийг олгож өгсөн юм. Тэр өдөр тэнгэрт нисэх шахам баярлаж, орой дэлгүүрээр орж баярын ширээний хүнс бэлтгэн ширээ дүүрэн гарын хоолоо бэлтгэв. Нөхөр маань ажлаасаа ирээд гайхширан өнөөдөр хэний "бөөртдэй" билээ гэсээр инээмсэглэн асуух мөчид би бүх болсон явдлыг ярьж өөрөөрөө хэчнээн их бахархан байгаагаа гайхуулав. Нөхөр маань "Тэгээд хэзээ явах вэ?" гэж хамгийн түрүүнд асууж байж билээ. Би "Арван сард явах юм байна" гэж хариулсныхаа дараа л хайртай хань, хүү хоёроо орхиж явах гэж байгаагаа ухаарч түр зуур бодолд автахад нөхөр маань "Баяр хүргэе, хайр аа. Ямар сайхан мэдээ вэ? Миний ханийн мөрөөдөл биелж байгаа юм байна шүү дээ. Чи минь мундаг шүү" гээд магтаад л байв. Үдэш унтахаар хэвтэхдээ "Хүү, та хоёр минь яах вэ" гэж нөхрөөсөө асуулаа. "Бид хоёрт битгий санаа зов. Хүү маань одоо хөөрхөн том болчихлоо. Есдүгээр сарын 01-нд цэцэрлэгт өгье. Тэгээд бид хоёр алзахгүй ээ. Миний хайр юунд ч битгий санаа зов" гээд тайвшруулах гэж баахан л юм ярьсан юм. 

Би нэг өдөр баярлаж догдлон нөгөө өдөр нь хүү, хань хоёртоо санаа зовсоор есдүгээр сарын 01 болж хүүгээ цэцэрлэгт өгөв. Хүү маань долоо хоноод л цэцэрлэгтээ дасч, "bye bye" гээд л гүйгээд орчихдог болов. Би бага багаар бэлтгэлээ базаасаар явах ч дөхлөө. Явах өдөр дөхөх тусам сэтгэл сэмэрч нөхөр, хүү хоёроо өрөвдөн нэг уйлж, нэг зоригжуулж хэрэндээ л хэцүү байлаа. Тэр өдөр онгоцны буудал дээр хүү маань гэнэт орилон уйлж, намайг хүзүүгээр тэвэрчихээд бяцхан ухаандаа ээжийгээ явах гэж байгааг мэдэрсэн бололтой их өрөвдмөөр байсан. Би нэг уйлж, нэг инээсээр хайртай хоёроо орхиод нислээ. Зорьсон газраа ирээд хичээл эхлэх арай болоогүй тул гадуур, дотуур явж юм үзэв. Хайртай хоёртойгоо video call хийнэ. Дэлгүүр хэсч сэтгэлээ засна. Ингэсээр дөрөв хонолоо. Тэр орой "Хүү маань ханиад хүрчихсэн, халуураад. Өнөөдрөөс гайгүй боллоо" гэж нөхөр маань хэлэв.

-Яагаад надад хэлээгүй юм бэ?
-Чи хүүгээ ханиад хүрэхээр ажлаа ч олигтой хийж чадахгүй санаа зовоод байдаг биз дээ? Тэгээд л...
-Цэцэрлэгт нь явуулаагүй биз дээ?
-Хайр нь хэд хоног чөлөө авчихсан. Гайгүй болохоор нь өгнө... 

Нэг иймэрхүү яриа тэр орой болж өнгөрөв. Би маш их зүйл бодож нойргүй хонолоо. Нөхөр маань өглөө эртлэн босч хүүгээ цэцэрлэгт нь өгөөд ажилдаа явна. Орой ажлаасаа цаг нартай уралдан тарж хүүгээ авна. Ингээд гэрийн ажил эхэлнэ. Хоол хийх, усанд оруулах, гэр цэвэрлэх гээд хичнээн барагддаггүй ажил билээ. Найз нөхөд өөр ямар ч зүйлд цаг гаргаж чадахгүй. Ядрах байх даа. Би өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн төлөө амьдралынхаа хамаг үнэт эрдэнэсийг зовоож, үрийнхээ өсч торних агшныг алгасч, эр нөхөртөө хүнд ачаа үүрүүлж болно гэж үү. Эцсийн эцэст аз жаргал бол элэг бүтэн гэр бүл шүү дээ. Ер нь буцъя. Ингэсээр үүр цайлаа.

Компанийнхаа захирал руу зурвас бичив. Шийдвэрээсээ буцаж болох үгүйг асуугаад уучлал хүслээ. Дарга хариуд нь "Захирлуудтай ярилцаад хариу хэлье. Миний хувьд чамайг буцааж авахад татгалзах зүйлгүй. Гэхдээ чиний местэн дээр өөр хүн авсан" гэв. Маргааш өглөө нь захирлаас чат ирсэн байв. "Бид чиний асуудлаар ярилцлаа. Танай албаны дарга өөр ажилд томилогдсон. Оронд нь чамайг албаны дарга болгоход татгалзах хүн алга. Наад сургуульд чинь Мянгаа захирлын охин сурахаар боллоо. Чи наанаа байгаа дээрээ бүх асуудлыг нь зохицуулаад ир дээ" гэсэн байв. "Ямар сайхан хүмүүс вэ? Би яасан болохоор, юу хийж гийгүүлсэн болохоор яагаад дандаа ийм сайхан боломж олддог юм бэ. Би ямар азтай хүн бэ" гэж үглэн уйлж билээ. Мянгаа захирлын охинтой холбогдон, байр, сургууль, бүх бичиг баримтны асуудлыг нэр шилжүүлэн шийдвэрлэж, гал тогооны хэрэгсэл, ойр зуурт хэрэглэгдэх бүх л зүйлийг бэлтгэн онгоцны буудлаас тосч авах хүнийг хүртэл бэлэн болгож өгөв. Энэ хугацаанд нөхөртөө сурахаа больж очихоор болсноо хэлсэнгүй. Гэнэтийн бэлэг гэх үү дээ.

Ингээд өөрт байсан бүх мөнгөөрөө нөхөр, хүү хоёртоо олон гоё бэлэг худалдаж аваад гэрийн зүг жолоо заллаа. Гэртээ ирэхэд оройны дөрвөн цаг болж байв. Ачаа бараагаа үүдэндээ оруулж орхичихоод л үрийнхээ цэцэрлэг рүү жирийлгэлээ. Хүүгээ тэврэн авах тэр мөч ямар аз жаргалтай байсан гээч. Тэр үед бүх эргэлзээ минь арилж "Тийм ээ, би зөв зүйл хийжээ. Энэ чинь л аз жаргал ш дээ" гэж амандаа үглэх шахам бодож байлаа.

Хүү минь "дээдээ дээдээ" /ээжээ гэж байгаа юм/ гээд хүзүүгээр тэвэрч үнсээд, тойрч гүйгээд дэвхцэж баярлаад ямар хөөрхөн байсан гээч. Гайхширсан багшид үнэнээс цухас дурьдаад манай нөхрийг ирэхээр "Эгч тань ирээд хүүг нь авсан. Гэртээ шууд ирээрэй гэж хэлүүлсэн" гэж хэлээрэй гэж захиад гарлаа. Хүүтэйгээ хамт гэртээ орж ирэхэд угаах хувцас энд тэндгүй хөглөрч, хураагаагүй ор, банны өрөөний тавиур дээр бананы хальс, плиткан дээр түлэгдсэн өндөг гэх мэт... Би нөхрийгөө өрөвдөн дахиад л мэлмэрүүллээ. Дахиад л зөв сонголт хийснээ ухаарлаа. Хормын дотор гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, бүхнийг цэгцлээд хоол бэлдэж байх зуур хаалга онгойн нөхөр маань орж ирлээ. "Бадмаа эгч ээ, ямар хоол хийж байгаа юм. Гоё үнэртэж байна" гэх зуур хүү маань баярлан орилон гүйж, аавыгаа тэвэрч авахад би араас нь очлоо.

Нөхөр маань нэг хэсэг над руу сүрхий харснаа "Юу болоод байна аа хайр аа. Зүүд биш биз дээ" гэв. Би "Хайр нь хүрээд ирлээ. Дахиж явахгүй" гэхэд нөхрийн маань царай яаж гэрэлтсэн гээч. Хоол идэх зуураа би болсон бүх явдлыг ярьж өгөхөд "Тэгээд миний хайрын мөрөөдөл яах вэ" гэж нөхөр маань асуусан юм. Тэгэхэд нь би "Миний мөрөөдөл аз жаргалтай амьдрал. Харин та хоёр миний аз жаргал шүү дээ" гэлээ.

Мянгаа захирал болон түүний охин надад дараа нь бас хэчнээн талархсан гээч. Та бүр 24 ширхэг 00 цаас авсан байна билээ гэж ирээд л талархаад байсан. Сайн хүмүүсийн тусыг жаахан ч гэсэн хариулах юмсан гэж хичээж хүний амьдралд хэрэг болох бүх зүйлийг нь бэлдэж орхиод ирсэн юм. Амьдрал гэдэг үнэхээр гайхамшигтай. Чи өөрөө эерэг, зөв хандлагатай, ажилсаг хичээнгүй бол тийм л хүмүүс чамайг хүрээлдэг. Би өөрийнхөө амьдралд үнэхээр хайртай. Аз жаргал бол элэг бүтэн гэр бүл. Өөр юу ч биш.

нийтлэгч:

Сэтгэгдэл