• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-05-26 08:14:41

АЙСУЙ СОНГУУЛИЙН ХАТУУ НӨХЦӨЛҮҮД

Судлаач Д.Ганхуягийн бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

...Найзууд аа. Эхлээд нэг хатуу бөгөөд хөдөлшгүй үнэнийг тогтоогоод авчих. Үүнийг шууд хэлэх нь монгол судлаач миний үүрэг юм. Ирэх 4 жилд эдийн засаг яагаад ч өсөхгүй, амьдрал сайжрахгүй, харин бид хямралын хүнд бэрх үеийг хамтдаа туулах болно. Дэлхийн хямрал нүүрлэж байгаа үед эхлээд хямралын цохилтыг зөөлрүүлөх, хүн амын эмзэг хэсгээ хамгаалах, дараа нь буцаан сэргээх ажил хийх ёстой болно. Аз байвал 4 жилийн дараа өнөөгийн төвшиндөө буцаж хүрвэл дээдийн заяа. Иймээс одоо сонгуулийн өмнө эдийн засгийг өсгөнө, амьдрал сайжруулна гэж амлаж буй нам, нэр дэвшигчид бүгдээрээ худалч, хуурамч гэдгийг онцлон дурдаж байна. Бүх сонгууль өөрийн гэсэн онцлогтой боловч энэ удаагийн сонгууль бүр ч их онцлогтой. Энэ талаар олон хүчин зүйл, нөхцөл, хандлагын талаар нуршиж болох боловч “бүгдийг нь нийлүүлбэл” хоёр том багц асуудал бий. Нэгдэх нь дэлхийн хямрал, удаах нь манай өөрийн системийн хямрал, тодруулбал намуудын хямрал буюу эрх баригч бүлгийн задрал тэмцэл болно. Энэ 2 том багц нөхцөл өмнөх сонгуулиудад байгаагүй. Энэ тухай товч өгүүлэх гэсэн юм…

Дэлхийн хямрал

Дэлхийн хямралын талаар амтай болгон ярьж мэдэж байгаа учраас олон зүйл нурших нь илүүц. Хатуу бөгөөд шууд хэлэхэд эдийн засаг өсөх, амьдрал сайжрах тухай ямар ч асуудал байхгүй. Дэлхий дахины нөхцөл, хандлага рецесс, хямралд орчихоод байхад МУ-ын эдийн засаг ганцаараа өснө гэж амлах, горьдох нь зүгээр л тэнэглэл. “Эдийн засгийн хямрал хөгжингүй орнуудад илүү хүнд тусна” үндэслэлийг харгалзвал ирэх 4 жилд манай эдийн засаг туйлын хүнд байдалд орох нь гарцаагүй… Хэрэв аз байгаад даяар хямрал 2 жилийн дараа зөөлөрвөл эдийн засгаа сэргээх, анхны буюу одоогийн байдалд оруулах ажил хийх ёстой. Хэрэв хямрал удаан үргэлжилбэл цохилтыг зөөлрүүлэхээс гадна эдийн засгаа хямралын замд (рельс) оруулахыг чармайх ёстой. Уг нь бол хямралын үеийн удирдлага, хаосын удирдлага гээд бие даасан шинжлэх ухаан байдаг юм л даа. Харин энийг бол Монголд мэддэг, сонирхдог хүн нэг ч байхгүй нь “даанч сайхан”… Одоо намайг загнана. “Чи муу тийм их мундаг юм бол тэр хаосынхаа удирдлагыг хэлээд өг”… Уучлаарай эрхмүүд ээ. Би хаосын болон хямралын онолын асуудлаар 10 гаруй жилийн өмнөөс олон удаа бичиж сануулж байсан. “Бантанг санаатай хутгадаг” (2010.11.24), “Хаос хийгээд улс мөхөөх технологи” (2015.04.02), “Синергетик хийгээд системийн сүйрлийн онолын үндсэн ойлголтууд” (2018.09.25), “Хаосын онол ба стратегийн сэтгэлгээ” (2018.01.25) зэрэг 20 шахам өгүүлэл одоо ч миний блогт байгаа. Монголд би ганцаараа хаосын онолын асуудлаар 10-аад жил үглэж тасралтгүй бичиж сануулж ирсэн гэж хэний ч өмнө нүүр бардам хэлнэ. Тэр үед манай сэхээтэн нэрт тэнэг лаларууд над руу бөөрөлхөн дайрч, харааж зүхэж байсан чинь баримт болон үлдсэн. Хэрэв хаосыг танин мэдье гэвэл “стандарт” болон “онолын” аль нэг загвараас гадуур буюу дээгүүр сэтгэх ёстой.

У.Хүрэлсүхийн зовлон

Бүх шинэ нам, нэр дэвшигчид шинэчлэлийн төлөө зүтгээд У.Хүрэлсүх ганцаараа “шинэчлэхгүй”, хуучнаараа явна гэж хойш суугаад байгаа юм огт байхгүй. Гэхдээ том системийн толгойд суугаа хүн системээ нураачихгүй байхын хамт системийнхээ хүрээнд “шинэчлэх” гэж бодсон нь эргэлзээгүй. Энэ нь У.Хүрэлсүхийг шийдвэрлэх боломжгүй, нэн хязгаарлагдмал бөгөөд тодорхойгүй нөхцөлд оруулж байна. Энэхүү системийн задралын нөхцлүүд нь У.Хүрэлсүхийн “сайн муугаас” үл хамаарах бодит хандлага болно… МАН-ын нэр дэвшүүлсэн байдлаас харахад У.Хүрэлсүх “ад үзэгдсэн” 76-аасаа 54-ийг нь дахин, 22 хүнийг шинээр нэр дэвшүүлжээ. Үүнийг шинэчилсэн гэх үү, хуучнаараа гэх үү ?! Үүнийг нэг утгаар дүгнэх боломжгүй, үүний цаана маш нарийн тооцоо, тохироо байдаг. Ямар ч гэсэн энэ тоон харьцаа У.Хүрэлсүхийн “шинэчлэх” дээд боломж, “цаанаасаа” өгөгдсөн нөхцөл юм. Хуучин л гэсэн үг л дээ. Хэрэв үүнээс “цааш” буюу “илүү” шинэчлэх гэвэл У.Хүрэлсүхэд өөрт нь ихээхэн аюул занал учрах нь зайлшгүй. У.Хүрэлсүх дураараа дургиад “их тонгочоод” байвал сонгуулийн үеэр буюу дараа шинэ Засгийн Газар бүрдүүлэх үед түүнийг унагачих шиг амархан юм байхгүй… МАН-ын том бүлэглэлүүд “нөөц” Ерөнхий сайд 2-3-ыг “бэлтгэчихсэн” бэлэн байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Гэвч үүнийг сонгуулийн дараа жич ярина. МАН-аас нэр дэвшсэн хууччуулын хязгааргүй шунал, эрх мэдлийн улайрал, эвдэн сүйтгэх болон хордуулах чадвар хямралаас болж багасна гэж бодож байвал эндүүрэлээс гадна тэнэглэл болно. МАН дахь хуучин шинэ бүлэглэлүүдийн зодоон ирэх 4 жилд бүр ч их хурц хэлбэрт орж, амь өрссөн тэмцэл дажин болно гэдэг нь ямар ч эргэлзээгүй…

С.Эрдэнээгийн зовлон

С.Эрдэнээ бүр ч хүнд байдалтай навсайсан нам хүлээн авсан. МАН-ын задрал том бүхлээс салсан хэлтэрхий шиг байхад АН-ын задрал арайхийж нийлүүлсэн том бүхэл нь ойролцоогоор тэнцүү том хэсгүүд болон салдагт ихээхэн ялгаа бөгөөд гол аюул бий. МАН-ын өрсөлдөгч бүлэглэлүүдийн өрсөлдөөнийг У.Хүрэлсүх төр засгийн эрх мэдэл буюу ЕС гэсэн албан тушаалынхаа ачаар зангидаж байгаа. Харин С.Эрдэнээд ингэж “нэгтгэх” механизм болон боломж байхгүй. Иймээс С.Эрдэнийн АН-ыг “нэгтгэх” зорилт У.Хүрэлсүхийнхээс ихээхэн хүнд бөгөөд түвэгтэй. Эхэндээ С.Эрдэнэ өөрт байгаа хэсгээ удирдаад бусдыгаа дагуулаад давхчихна гэж бодсон нь их алдаа байлаа. Баахан хүн “хөөгөөд” хаясан чинь бараг ганцаараа үлдэх шахав. Эцсийн мөчид салангид байгаа хэлтэрхийнүүдээ бөөгнүүлж аваад сонгуульд орохоор шийдсэн нь өнөөгийн нөхцөлд цорын ганц бөгөөд зөв шийдвэр байлаа. МАН, АН хоёрын хооронд “уламжлалт тэнцвэрийг” хадгалах гэсэн оролдлогыг буруутгах үндэслэл ховор. Гэлээ ч гэсэн сонгуулийн дараа АН дотор бүлэглэл хоорондын өрсөлдөөн тэмцэл гаарах нь бас л ямар ч эргэлзээгүй… Өөрөөр хэлбэл сонгуулийн дараа МАН дотор ч, АН ч дотор ч бүлэглэл хоорондын өрсөлдөөн тэмцэл улам гаарч, одоо байгаагаасаа ч долоон дор заваан дайн дажин болно гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Эндээс МАН М.Энхболдоос болж, АН З.Энхболд, С.Эрдэнээ нараас болж “задарсан” гэх үндэслэл зүгээр л хэлбэрийн болон үзэгдлийн тал юм. Харин МАН, АН хоёрын аль алинд нь бодит задрал болж байгаа нь агуулга болоод мөн чанарын тал юм. Энэхүү системийн задралыг Бурхан багш ч зогсоож чадахгүй. Энд би сонгуулийн биш, харин сонгуулийн дараах гарцаагүй болох хандлагыг ярьж байна. Харин хаа очиж М.Энхболд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихсон намыг арга эвийг нь олж эвлүүлээд үүрч яваад алдчихсан хүн. Одоо У.Хүрэлсүх “эвлүүлэх” гэж ядаж байна. С.Эрдэнээ ч гэсэн задралд орсон АН-ыг “эвлүүлэх” гэж үйлээ үзэж байна.

Гэхдээ хоцрогдсон системийнхээ хүрээнд…

Гэвч хэн ч ямар ч оролдого хийсэн намуудын ялзарсан системийг өөрчлөөгүй тохиолдолд ямар ч шинэчлэл болохгүй. МАН, АН хоёрын “тэнцвэрт байдал” Монголын улс төрийг тодорхойлдог гэх үндэслэл үнэн бөгөөд одоо ч гэсэн үйлчилж байгаа. Учир нь одоогийн байдлаар МАН-ын рейтинг АН-ын рейтингээс илт давуу байгаа нь бүх төрлийн судалгаагаар нотлогдож байгаа. Хэрэв АН “тэнцвэр” тогтоож чадалгүй МАН-ыг “алдах” юм бол МАН-гийн “үүрдийн” дарангуйлал тогтох нь бас л эргэлзээгүй…

Гуравдагч хүчний зовлон

МАН, АН-ын нэр хүнд сонгуулийн өмнө хоёулаа буурдаг зүй тогтолтой ч энэ удаад навс унасан нь бас л бүх төрлийн судалгаагаар нотлогдож байгаа. Энэ нь улс төрийн 3-дагч хүчин, бие даан нэр дэвшигчдэд нэлээд өргөн боломж нээж өгч байна. Гэхдээ сүлжээ байхгүй, мөнгө хөрөнгө хомс, хугацаа давчуу байгаа тохиолдолд гуравдагч хүчин шууд гараад ирнэ гэх нь ихээхэн эргэлзээтэй. Ямар ч гэсэн 3-4 эвсэл зэрэг гарахгүй, харин 1 эвсэл л амжилт олох магадлалтай. Түүнээс гадна МАН, АН хоёр дундуураа хэнийг ч оруулахгүй гэсэн “зарчмыг” олон жил хэрэглэж ирсэн “баялаг туршлагатай” бөгөөд элдэв төрлийн гох дэгээ, сааль зангийг бүх төрлийн хууль тогтоомжид нууцаар суулгасан байдаг нь улс төрийн 3 дагч хүчин гарч ирэх магадлалыг эрс бууруулдаг. Энд заавал хэлэх ёстой нэг том асуудал бий. Монголын 3 дагч хүчин эвсэж нэгдэж чаддаггүй, одоо болтол энэ өвчин хэвээрээ. Гэвч манай туршлагаас үзэхэд улс төрийн шинэ нам буюу гуравдагч хүчин бий болгох оролдлого бүгдээрээ бүтэлгүйтэж дууссан, одоо болтол хүчирхэг гуравдагч хүчин гарч ирээгүй байна. Хаа очиж энд МАНАН-гийн буруу бага, өөрсдийнх нь буруу их…

Миний хувьд улс төрийн гуравдагч хүчин бий болгох гэж лавтайяа 20 шахам жил зүтгэсэн. Хувь хүний амбиц, дээрээс нь МАНАН-гийн зэрэгцээ, давхцуулж бий болгосон хуурамч эвсэл гарч ирээд хамаг санаачлага, идэвхийг үгүй хийдэг юм. Олон удаагийн оролдлого дотроос үзэл санааны хамгийн зөв тулгуур дээр амжилттай бүрэлдэж байсан хүчин нь Д.Энхбатын толгойлсон “Иргэний Холбоо” эвсэл байсан юм. Түүнийг ч гэсэн МАНАН бүлэг нийлж байгаад тасчин хувааж устгасан билээ. Түүгээр ч үл барам Иргэний Холбоо эвслийн үзэл санааг Ц.Элбэгдорж хулгайлан авч, өөртөө улс төрийн ихээхэн оноо авч билээ. Чингэхдээ “иргэний танхим”, “иргэний боловсрол” гэх мэтийг хүн танихын аргагүй сэглэж хаясан учраас эдүгээ манай иргэд “иргэний” гэх үгэнд итгэхээ больсон туйлын муу үр дагавар бий болгосон. Түүнээс биш Ц.Элбэгдоржийн толгой бие дааж ийм үзэл санаа бодож олох ямар чадваргүйг би сайн мэднэ… 

Манай бүх эвсэл өөрийгөө “ертөнцийн төв” гэж “ойлгодог” ба бусад нь намайг “дагах ёстой” гэж зүтгэдэг өвчтэй. Тэдний “онолдох” өвчнийг бол ярих ч юм биш. Ингэхэд эвслүүд болон бие даагчид “хоосон онолдож” байгаад хамаг санаагаа МАНАН-д алддаг хуучтай би зориуд сануулж байна. МАНАН-гийнхан ганцхан мөнгө, материаллаг зүйл хулгайлж дээрэмддэг гэж бодож байвал тун их эндүүрэл. МАНАН бол оюуны өмчийн “сонгодог” хулгайч, дээрэмчид гэдгийг мэдэж авбал Та нарт л хэрэгтэй дээ…
Ингээд эвслүүд сонгуулийн үеэр нэг сайн “улс төрийн гар хангалга” хийж аваад “гүйцээ”. Чухам үүнийг чинь МАНАН “хүлээж байдаг” юм ш дээ… Энд би эвслүүд өөрсдөө боломжоо багасгасан гэсэн болохоос шинэ намууд амжилт олох боломжгүй гэж хэлээгүй, харин ч энэ удаад шинэ нам эвсэлд өмнө нь байгаагүй их боломж нээгдэж байгаа… Үүний нөгөө талд МАНАН-гийн бүлгүүдийн дотоод зөрчил, тэмцэл хурцдаж, шийдвэрлэшгүй байдалд ороод байна. Гэхдээ эвлэршгүй зөрчлөө сонгуулийн дараа хүртэл “хойшлуулахаа” цаадуул чинь мэдэхийн дээдээр мэдэж байгаа… Бие даагчид олноороо нэр дэвшсэн ч тэдний нэлээд хэсгийг хуурамч, санал сарниулах зорилгоор нэр дэвшүүлсэн гэдгийг санах ёстой. Гэхдээ бие даан нэр дэвшигчдийн дунд Ц.Буянцогоо, Б.Наминчимэд, Д.Болорболд, Ш.Гантулга, Т.Баярхүү Ц.Цолмон г.м. дэвшилтэт үзэлтэй, оюунлаг сэхээтэн олон бий. Энэ хүмүүс ямар ч гэсэн нийгмийн дунджаас дээш боловсролтой учраас УИХ-д орвол түүний ажлыг дээш татах нь эргэлзээгүй.
Бидний өмнө шинэчлэл л байгаа… Бидний олонхи боддог л доо. Энэ муусайн хуучинсангуудыг бүгдийг нь зайлуулаад “шинэ сайхан” Их Хуралтай болж аваад ёстойгоосоо “шинэчлэх” юмсан. Гэвч энэ бол ердөө л мөрөөдөл юм, бас ямар нэг хэмжээгээр биелээгүй ч гэсэн бололцоо юм. Харин өнөөгийн бодит байдал огт өөр… 

Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосон системийн өөрчлөлт, реформыг хийж чадаагүй тохиолдолд ямар ч “шинэчлэл” болохгүй, МАН, АН хоёр давамгайлсан хэвээрээ байна. Энэ нь хуучнаараа гэсэн үг үү ?! МАН, АН хоёр тодорхой утгаар хуучин хэвээрээ үлдэнэ, харин тодорхой утгаар шинэчлэлийн элементүүд бий болсон, хангалттай биш ч гэсэн бүрэлдсэн. Энэ чинь бүр ч тодорхойгүй байна гэж хэлэх гэж байна уу ?! Бохирдож муудсан цөөрөмд цэвэр ус хийснээр гэв гэнэт тунгалагшиж, цэвэр болдоггүй юм. Эхлээд бага багаар, аажмаар хүчээ нэмсээр байгаад яваандаа цэвэр болдог. Үүнийг цэвэршүүлэх гол нөхцөл нь цэвэр усаа байнга бөгөөд тасралтгүй нэмэх ёстойг хүн бүр мэднэ… Үүнийг улс төрд буулгавал цэвэршүүлэн шинэчлэгч гол хүч нь мэдээж “шинэчүүд” байх ёстой. Гэхдээ цэвэршүүлэгч гол хүч заавал МАН, АН-ын “гадна” байх ёстой гэж үзэх нь өрөөсгөл. МАН, АН дотор шинэчлэгч хүчин тоогоор цөөн ч гэсэн чамлалтгүй байгааг дурдах нь шударга хэрэг болно. Хэрэв нам “доторхи” болон “гаднах” шинэчлэгч хүчний үйлдэл нэг чиглэлд байвал ёстойгоосоо шинэчлэлийн эхлэл, суурийг тавьж чадна. Харин “дотроос” болон “гаднаас” шинэчлэлд зарчмын их ялгаа бий. Намын дээдсийн “дотроосоо шинэчлэл” системээ эвдэхгүйгээр хуучин системийнхээ хүрээнд хийх гэж зүтгэж байгаа. Харин “гаднаас хийх” гэж буй шинэчлэл бол системийг эвдэн халах чиглэлтэй. Нэг нь хуучинсаг, нөгөө нь дэвшилтэт шинэчлэл авч ямар ч гэсэн “шинэчлэл” болох нь эргэлзээгүй. Учир нь аливаа хараа хяналтаас ангид, ганцаараа дураараа идэж уудаг 30 жил хэрэглэсэн адгийн бөгөөд новшийн системийн бүх боломж, чадавхи дууссан. Өөрөөр хэлбэл хуучнаараа байх ямар ч боломжгүй… 

Энэ нөхцөлд “гаднаас” болон “дотроос” шинэчлэл нэгэн урсгал болон нэгдэж нийлэхгүй ч шинэчлэл гэсэн нэгэн чиглэл рүү хандах нь ойлгомжтой. Иймээс би “бидний өмнө шинэчлэл л байгаа” гэсэн дүгнэлт хийж байгаа бөгөөд одоохондоо үүнээс өөр зам байхгүй. Харин шинэчлэл ямар ч зөрчилгүй, дардан сайхан замаар явахгүй, харин ч ихээхэн ноцтой, хурц ширүүн зөрчил тэмцлийн дундуур явах нь мэдээж хэрэг… Харин түүнийг яаж хийх, хэрхэн хэрэгжүүлэх нь энэ сонгуулийн дүнгээс болон ирэх 4 жилийн улс төрийн бүлэглэлийн хүчний хуваарилалтаар тодорхойлогдоно. Ямар ч гэсэн ирэх 4 жилд “сайхан юм” болохгүй, харин ч тун хэцүү, их зовлонтой явдал болох нь ч болно… Шинэчлэнэ гэдэг бол эвдэнэ гэсэн үг болохын хамт эвдсэн юмныхаа оронд шинийг бүтээнэ гэсэн үг. Монголын хувьсгалчид, шинэчлэгчид эвдэхийгээ сайн мэддэг, чаддаг, харин бүтээхийгээ мэддэггүй гэж дүгнэхэд нэг их хэтрүүлэг болохгүй. Тэгэхлээр шинэчлэгч хайхдаа эвдэх бүтээх гэсэн 2 программтай хүнийг сонгох ёстой нь мэдээж хэрэг. Ганцхан эвдэх программтай хүн бол яагаад ч шинэчлэгч биш…

Миний судалгаагаар эвдэх программтай хүн маш олон, бүтээх программтай хүн тун цөөн. Миний баттай мэдэж байгаагаар эвдэх бүтээх хосолсон хоёр программтай улс төрч Г.Уянга болно. Г.Уянгыгаа магтлаа л гэнэ биз, гэхдээ үнэн нь энэ юм чинь. Намууд дотроос бусад шинэчлэгч хүмүүсийг нэрлэ гэвэл би МАН-аас Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг, АН-аас О.Магнай гэхчлэн цөөнгүй залуусыг нэрлэж чадна. Бүтээх чадвартай бие даагчдын нэрсийг дээр дурдсан… Би энд нэр дурдсан хүмүүстэй бүх зүйлд санал нийлдэг гэж бодож байна уу ? Үгүй шүү. Ихэнхитэй нь “гал маналзтал” маргадаг юм. Хэдий ийм ч зөв хүмүүсийн чиглэл зөв л байдаг юм… МАН, АН хоёрын зэрэгцээгээр дундуур улс төрийн 3 дагч хүчин, бие даагчид олноороо гарвал шинэчлэлийг эхлэх нэн таатай нөхцөл бүрдэнэ. Энэ шинэ хандлагыг зогсоох ямар ч хүч байхгүй… Харин МАН, АН-ын “хууччуул” бол яагаад ч “засрахгүй”. Манай Дангаасүрэнгийн Энхбат “тэд огт өөр хүмүүс, хэзээ ч засрахгүй, өөрчлөгдөхгүй” гэж дүгнэсэн. Энэ ухаантай дүгнэлт дээр би юу нэмж чадах билээ… 

Жич: Энэ өгүүллийг 5 дугаар сарын 25-нд нийтэлсэн маань хүртэл тохиолдлын явдал биш л дээ…

Судлаач Д.Ганхуяг

2020 оны 05 дугаар сарын 25

Судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

нийтлэгч:

Сэтгэгдэл