• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-07-19 09:58:50

ОЛИМПИЙН НААДАМ ЭХЛЭХЭД ДӨРӨВ ХОНОГ ҮЛДЛЭЭ

“Токио-2020” олимпийн тамирчдын тосгон албан ёсоор нээлтээ хийж, анхны зочдоо энэ сарын 14-нд хүлээн авсан билээ. Коронавируст цар тахлын улмаас тамирчдын тосгонд зөвхөн тамирчид, дасгалжуулагчид, багийн албаны хүмүүс л нэвтрэх журмыг ОУОХ-оос гаргасан.

“Тамирчдыг эрүүл, аюулгүй орчинд байлгахын төлөө маш их хүчин чармайлт гаргасан зохион байгуулагчдад талархлаа илэрхийлье. Өнгөрсөн жилийн өдийд тамирчид маань олимп зохиогдох эсэхийг мэдэхгүй, маргааш бэлтгэлдээ явж болох эсэхээ ч мэдэхгүй байлаа. Цар тахлын энэ бүх стрессийн дараа тамирчид олимпийн наадамд гялалзаж, олон түмнийг цэнгүүлэх болно” хэмээн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах нээлтийн үеэр ярьжээ.

Тосгон нь Токиогийн далайн эрэг орчмын Харүми дүүрэгт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зургаан км-ийн зайд байрладаг. Тосгонд тамирчид байрлах 1800 гаруй барилга бий. Энд олимпийн турш 18 мянга орчим зочин төвхнөх юм.  Village Plaza нь тамирчдын зорин очих гол газар байх болно. Энд кафе, банк, гэрэл зургийн студи, хими цэвэрлэгээ, олимпийн наадамтай холбоотой бэлэг дурсгалын дэлгүүр, фитнесс төв, амралтын газар, эмнэлэг, допингийн хяналтын станц байрлаж байна.

МОНГОЛ УЛСАА ОЛИМПОД ТӨЛӨӨЛӨХ ТАМИРЧДЫН ТУХАЙ СОНИРХУУЛЪЯ

Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм.

Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлжээ. Түүхийн хуудас сөхвөл, Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий. 

Ингээд зуны олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулья.

ОЛИМП

ЭРЭГТЭЙ

ЭМЭГТЭЙ

Токио-1964

17

4

Мехико-1968

14

4

Мюнхен-1972

37

2

Монреаль-1976

30

2

Москва-1980

39

4

Сөүл-1988

24

4

Барселона-1992

27

6

Атланта-1996

12

4

Сидней-2000

12

8

Афин-2004

13

7

Бээжин-2008

14

4

Лондон-2012

16

13

Рио-2016

26

17

Токио-2020

18

25

Мөн Токиог зорих Монголын 43 тамирчны 12 нь гавьяат цолтой байна. Тэд бол О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Э.Бэхбаяр, О.Бурмаа, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, Б.Сэр-Од, Э.Цэндбаатар, М.Анхцэцэг нар юм.

МОНГОЛЫН БАГИЙН ТУГЧААР Ө.ДҮҮРЭНБАЯР, О.ХУЛАН НАР СОНГОГДЛОО

Олимпийн наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг Токиогийн олимпод оролцох Монголын багийн тугчаар сонголоо.

ОУОХ-оос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийн санал болгосны дагуу энэхүү бодлогод нийцүүлэн багийн спортын төрлөөр анх удаа олимпийн наадамд өрсөлдөж буй 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хуланг эмэгтэй тугчаар сонгосон байна.

О.Хулангийн хувьд 1999 онд төрсөн, сагсны багийн хамгийн залуу тамирчин. Биеийн өндөр 180 см, жин 65 кг. МУИС-ийг төгссөн. Нэлээд хожуу буюу оюутан болсноосоо хойш сагсаар хичээллэж эхэлсэн ч богино хугацаанд ур чадвараа ахиулсаар үндэсний шигшээ багийн гишүүн болж чадсан юм. 23 хүртэлх насны ДАШТ-д тавдугаар байр эзэлсэн багийн гишүүн. Эдүгээ дэлхийн чансааны 70-д, 23 хүртэлх насны чансаанд 11-т бичигдэж байна.

Ө.Дүүрэнбаярын хувьд 1994 онд төрсөн, 27 настай. 184 см өндөр, 135 кг жинтэй. ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл, армийн ДАШТ-ий алтан медальт, манай улсын хүнд жингийн шилдэг бөхчүүдийн нэг юм.

“ТОКИО-2020” ОЛИМПИЙН МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН АЛБАН ЁСНЫ ХУВЦСЫГ “МИШЕЛ АМАЗОНКА” УРЛАВ

Монгол Улсын Засгийн газраас “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилтыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлэх зорилготой 59 дүгээр тогтоол батлагдсан юм. Энэ дагуу "Токио-2020" зуны олимп, парлимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцас хэрэгслийн загварыг бүтээх нээлттэй уралдаан зарлахад нийт 10 загвар зохион бүтээгч өрсөлдөж “Мишел Амазонка” ХХК-ийн “Хийморь” загвар шалгарсан.

Спорт хувцасны загвар дизайны тухайд орчин үеийн хэв загвар бүхий бие барьсан, бусад ямар ч төрлийн хувцас хэрэгсэлтэй хорших, илүү загварлаг бөгөөд дэгжин байх үүднээс бодолцож бүтээсэн. Суга, нуруу болон зарим хэсгүүдэд хөлрөлт гадагшлуулах хамгийн сүүлийн үеийн агаар нэвтрүүлэх технологи бүхий нэмэлт жижиг нүхтэй материалаар оруулга оруулсан. Материалын хувьд олон улсын стандартад нийцсэн хамгийн дээд зэрэглэлийн 220 гр/м зузаантай захиалгаар гаргаж авсан сүүн цагаан өнгөтэй.

Өнгө сонголтын тухайд энгийн цагаан өнгийг бус илүү үнэ цэнтэй хэр нь чанартай, шинэлэг харагдуулах үүднээс сүүн цагаан /creamy white/ өнгийг тусгайлан захиалж гаргуулжээ.  Тус коллекц нь бүхэлдээ цагаан өнгөнөөс бүрдэх хэдий ч илүү чамин хэр нь сонирхолтой харагдуулах үүднээс улаан болон хөх өнгийн жижиг деталиудыг ханцуй, кант, зах, карма, цүнх зэрэгт оруулсан байна.    

Тамирчдын хувцасны энгэрт шовх оргил мэт гурвалжин дүрс тусгасан нь өндөр оргилыг билэгдэн, алтан медаль хүртэхийн ерөөлийн илэрхийлэл юм. Загварыг нэлэнхийдээ геометр дүрс ашиглан бүтээжээ. Ёслолын хувцасны тухайд эдэлгээ, индүүдлэг, өнгө хадгалах чадвар хамгийн өндөр, хөнгөн, биед суух байдал зэргийг харгалзан үзэж 90 хувийн бөс даавууны агууламж бүхий хар хөх өнгийн материалыг сонгон авч шифон, торго зэрэг бусад туслах материалуудаар баяжуулан үйлдвэрлэсэн байна.

Урагш тэмүүлэн, хамраасаа цан хөмрөг гарган давхиж буй морины толгойг орчин үеийн дүрслэх график арга барил, үндэсний хээ зурах арга барилтай хоршуулан энгэр тус бүр дээр алтлаг өнгийн утсаар хатгамал хийн тодруулж өгсөн. Мөн эмэгтэй хүний эрхэмсэг хатан оршихуй, эрэмгий байдал, цэвэр цэгцтэй байдал зэргийг илтгэх үүднээс монгол үндэсний сампин зангидах аргаар чимэглэсэн толгойн гоёл, гарын богц, давхар эсгэлт бүхий урт нарийн бүс зэргээр улам баяжуулжээ.

ВАКЦИНЫ ХОЁР ТУНДАА ХАМРАГДСАН БОЛ МЕДАЛЬ ГАРДУУЛЖ БОЛНО

Коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс тамирчдад медалийг нь зүүж өгөхгүй, өөрсдөө авч зүүнэ гэх журам гарсан. Тэгвэл энэхүү журамд өөрчлөлт орж, вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан ОУОХ-ны гишүүд тамирчдын медалийг гардуулан зүүж өгч болно хэмээн тусгажээ. Медаль гардуулах эрхмүүд ариутгасан бээлий өмсөх юм байна.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах вакцины хоёр тунгаа хийлгэсэн бөгөөд өдөр бүр шинжилгээ өгч байгаа гэсэн байна. Мөн ОУОХ-ны гишүүд, ажилтнууд вакцины хоёр тундаа 100 хувь хамрагдсан болохыг хэлжээ.

 

нийтлэгч:

Сэтгэгдэл