• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-03-14 16:10:13

ХАРИЛЦАА ҮҮССЭН Л БОЛ АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН АСУУДЛЫГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛДАГ БОЛНО

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Төрийн ордонд "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэх, санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос дараах асуултад хариулт авлаа. 


-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнөх хуулиасаа дордуулсан гэдэг зүйлийг ярьж байна. Үнэхээр өмнөхөөсөө дордуулсан хуулийн төсөл юм уу?

-Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Одоо холбогдох байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтаар бол ажил олгогч болон ажилтны эрх ашгийг хамгаалсан л хууль. Түүнээс аль нэгнийх нь эрх ашгийг дордуулсан зүйл байхгүй гэж бодож байна. Сая хэлэлцүүлгийн үеэр хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудалд ажил олгогч нар болгоомжтой хандаж байх шиг байна. Ялангуяа хамрах хүрээг нь тэлсэн байна, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлын зохицуулж оруулж байгаа нь өрөөсгөл зэргийг хөндөж байна л даа. Хөдөлмөрийн хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулсан л бол тэр ажилтны эрх ашгийг хуулиар зохицуулна. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй яваад байгаа тохиолдол маш их шүү дээ. 

-Жишээ нь?  

-Та бүхэн мэдэж байгаа. Залуусыг дагалдан, туршилт зэргээр ажиллуулаад байдаг. Уг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсчихсэн. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар тэр залуусын нийгмийн болон цалин хөлстэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулж чадахгүй гэрээний гадна орхичихоод байгаа юм. Тиймээс заавал хөдөлмөрийн гэрээ байгуулсан нөхцөлд тэр хүний нийгмийн хамгаалалттай асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг биш болгоё, хамрах хүрээг нь өргөжүүлэх заалтыг тусгасан. Энэ л асуудлыг Засгийн газраас санаачилж, хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Харин үүнд ажил олгогч нар жаахан дурамжхан хандаж байх шиг байна. Гэхдээ цаашид ойлголцоод явах болов гэж харж байна. 

-Нийт аж ахуйн нэгжийн 80 орчим хувь нь 1-9 ажилтантай гэж ярьж байна. Энэ тохиолдолд ажилтан, ажил олгогч хоёрын дунд хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ховор байдаг. Энэ харилцааг хэрхэн зохицуулж байна вэ?

-Ер нь, нийт аж ахуйн нэгж байгууллагын 80-90 хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид. Албан бусаар судалгаагаар тэдний 45 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Тэдний хөдөлмөр эрхлэлт, эрх зүйн асуудлыг баталгаажуулах нь их чухал юм. Ихэнх нь буюу 56 хувь нь нэг жилийн гэрээ байгуулдаг. Үндсэндээ хөдөлмөрийн гэрээ байгуулах нь хангалтгүй байна. Дагалдан, хүний оронд түр, туршилтаар ажиллаж байгаа бол хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулна, бусад нөхцөлд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг байх заалтыг тусгаж өгсөн. Нөгөө талаасаа заавал хөдөлмөрийн гэрээ байгуулсан нөхцөлд л тухайн ажилтны нийгмийн баталгааны асуудал хөндөгдөнө гэдэг ойлголт байхгүй болно. Өөрөөр хэлбэл, харилцааны хэв шинж үйлчилж эхэлсэн л бол ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг болно гэсэн үг юм. 

-Өөр ямар шинэ заалт, зохицуулалтыг тусгаж өгч байгаа вэ?

-Одоогийн мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулж чадахгүй олон харилцаа бий болсон байна. Тухайлбал, гэрээсээ ажилладаг болсон байна. Амралтын өдөр ажиллаж байна. Дээр нь цагаар ажиллах хөдөлмөрийн зохицуулалттай холбоотой асуудал байна. Энэ мэт өмнөх хуульд нь байхгүй цоо шинэ харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж өгсөн. Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулах шаардлагатай. 

нийтлэгч:

Сэтгэгдэл