• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-04-03 10:48:38

СОЛОНГО ТРЭМЛ: МОНГОЛЫН ТӨЛӨӨ БОЛ ХЭНТЭЙ Ч ЭВСЭНЭ

Амьдралд олон сонголт бий. Бид ажил мэргэжил, амьдралын хань, анд нөхдөө эргэцүүлэн бодож, нухацтайхан сонгож болдог. Харин аав ээж, ах дүү, эхийн хэвлийгээс хүмүүн болж мэндлэх нутаг ус, газар шороогоо сонгодоггүй. Ерөөлөөр учирсан тэр л нутаг хүмүүний сэтгэлд мөнхөд уяатай байдаг билээ. Дархан залуухан хот. Гэхдээ түүний унаган хүүхдүүд өдгөө эрийн цээнд хүрч, Монгол орныхоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна. Өсч хөгжиж, өөдөө тэмүүлж, эх орон нутаг усныхаа нэрийг цуурайтуулж буй тэд, бага насны дурсамжаа мөнхөлсөн хотынхоо тухай, хотод нь хөгжих ямар боломжууд байгаа талаар хэрхэн ярих бол...

Анхны зочин маань ХБНГУ-ын Бавари мужийн CSU намын Гадаад бодлого, аюулгүй байдлын зөвлөлийн дүүргийн орлогч дарга, мужийн иргэдийн төлөөлөгч Солонго Трэмл. Тэрбээр Герман улс даяар “МОНГОЛ ОРОН” цуврал илтгэл тавьж, Монгол соёлыг дэлхийд таниулах олон ажлуудыг зохион байгуулахын зэрэгцээ, нагац ахынхаа дурсгалд зориулан байгуулсан “Отгонбаяр” сангаараа дамжуулан, тусламж дэмжлэг шаардлагатай олон зуун хүнд хүрэх хүмүүнлэгийн ажлуудыг зохион байгуулсаар иржээ. Мөн Монгол-Герман улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлст сэтгэл оюунаа чилээн хөдөлмөрлөж байна.

-ХАА ХОЛ ХИЛИЙН ЧАНАДААС БАЙТУГАЙ, УЛААНБААТАРТ АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГААД ЖИЛДЭЭ НЭГ ИРЭХЭД ДОГДЛОХ, ОГШИХ МЭДРЭМЖ ТӨРДӨГСӨН ...

- Хавар зундаа бүр сайхан шүү. Наашаа замаар ороод ирэхэд л өөр... Арай залуу хорь  гаруйхан настай байхад  гайгүй байж. Одоо бүр их сэтгэл догдолдог. Хүнд чинь унасан нутаг, угаасан ус, бага насаа өнгөрүүлсэн дурсамжийг хадгалсан нутаг орон гэдэг үнэндээ л өөр байдаг юм байна. Дотроос огшоод л, маш сайхан тухтай, яг энд л зөв гэх мэдрэмж төрдөг дөө.

-МОНГОЛД ИРЭХ БҮРТЭЭ ДАРХАНД ИРЖ АМЖИЖ БАЙНА УУ?

- Ирэлгүй яахав. Эмээ маань өндөр настай. Ер хол гарсан буурай бий. Ээж минь, нагац нар, найз нөхөд маань бүгд эндээ байгаа.

-ХОЛЫН ХҮНЭЭС ҮГ ДУУЛ ГЭДЭГ. ИРЭЭД ОЛЖ ХАРСАН, ӨӨРЧЛӨГДӨӨД ҮНЭХЭЭР ЗӨВ САЙХАН БОЛЧИХОЖ ГЭХ ЭСВЭЛ ҮҮНИЙГ ИНГЭЭД ХИЙЧИХЭЭСЭЙ ГЭХ МЭТ БОДЛУУД ТӨРДӨГ БАЙХ. ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?

- Улс орны хувьд уу? Аль эсвэл Дарханд уу?

-МЭДЭЭЖ ДАРХАНД. БИД ИХЭВЧЛЭН ТОМ ХҮРЭЭНД БУЮУ УЛС ОРНЫ ШИНЖТЭЙ АСУУДЛУУДЫГ ЯРИЛЦААД Л, ШҮҮН ХЭЛЭЛЦЭЭД БАЙДАГ. ГЭТЭЛ ЯГ ОРОН НУТГИЙНХАА, ХОТЫНХОО, ӨӨРСДИЙНХӨӨ ТУХАЙ ЯРИХ НЬ ТУН ХОВОР ЮМ. УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ОРОН НУТГААС ЭХЛЭХ БИШ ҮҮ?

- Тийм шүү. Алив юм жижгээс эхэлнэ. Хүн ч гэсэн өөрөө өөрийгөө ойлгож байж л цааш хөгждөг. Манай Дархан дэндүү сайхан хот. Бидний үеийн хүүхдүүд маш идэвхитэй байжээ. Байнга л янз бүрийн тэмцээн уралдаан болж байдаг. Одоо тэр үеийг бодвол арай намдуу, хөгжил хөдөлгөөн багатай болчихсон юм уу. Өчигдөр лекцийн дараа багадаа бүжиглэж байсан “Залуучууд” театрынхаа тайзан дээр гарч үзлээ. “Номика” хамтлагийн охид бид “Залуус” хамтлагийн ах эгч нараараа тэнд бүжиг заалгадаг байв. Ёстой л өвдгөө шалбартал бүжгээ бэлддэг байсан даа. Театрын маань тайз яг л хэвээрээ. Шалыг нь янзалчих юмсан, өнгийг нь сэргээгээд будчих юмсан гэх бодол төрж л байлаа. Энэ мэт том, жижиг өөрчлөх юмсан, болохгүй байгаа юм болов уу гэж бодох зүйлс мэр сэр байх л юм. Хөглөрөөд байгаа хогийг нь цэгцэлж болохгүй байгаа юм болов уу, хог боловсруулах үйлдвэртэй болох боломж олдохгүй байгаа юм болов уу, ядахнаа ангилж ялгадаг болчих юмсан гэх мэтээр бодноо. Зун ирэхээр шумуулны асуудал бий. Парк бол үнэхээр гоё. Бидний хүүхэд нас тэнд л өнгөрсөн. Гэхдээ илүү сайхан, хүртээмжтэй болгож, хүүхдийн хөгжлийн тал дээр сайжруулалт хийж болмоор л санагдах юм. Ялангуяа “Залуусын” гэдэг Дарханд маань өсвөр үеийнхэн, залууст чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ховор байна. Бүтээлч байяа гэвэл баар цэнгээн, шоу биш, сайхан номын сан, ярилцаж суух тайван орчин хэрэгтэй. Дэлхий нийт минималист чиглэлийг эрхэмлэдэг болсон. Тэгвэл материалист үзлийг багасгасан ийм хандлагыг төлөвшүүлэхэд манай хот хамгийн тохиромжтой газар. Мөн залуусын хот гэдэг онцлогоо битгий алдаасай. Хот гэдэг статусаа сэргээгээсэй гээд бодох, хүсэх юмс их л байна. Мэдээж, Бурхантай уул, Дүүжин гүүр сайхан. Гэхдээ миний хувьд хөшөө, барилга, суврагаас илүү хүндээ, хүнийхээ хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтууд илүү хэрэгтэй байна гэж харж байна. Ер нь томоор харах нь зөв ч, хүндээр бодох нь буруу шүү. Заавал хэдэн арван саяын төсөвтэй байж юмыг хийдэггүй. “Сэтгэл байхад сэрээгээр ч уулыг нүхэлнэ” гэдэг дээ. Хотын удирдлагууд, УИХ ын гишүүдтэй энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн. Ялангуяа боловсролын салбарт ажилламаар байна.

-БУСАДТАЙ ЭН ЗЭРЭГЦЭХ ЗАМААР БИШ ХАРИН ХОТЫНХОО ОНЦЛОГИЙГ ХАРГАЛЗАН, ӨӨРИЙН ГЭСЭН ҮНЭ ЦЭНИЙГ БИЙ БОЛГОЖ ХӨГЖИХ. ТЭГЭХДЭЭ ТЭР НЬ ХҮНИЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ТА ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА УУ?

- Тийм. Чи зөв ойлгосон байна. Би залуухан 17,18 тай байхдаа бусдаас хоцрохгүйг хичээж, мундаг харагдах гэж, шуба өмсөх гэж, ганган байх гэж хичээдэг байлаа. Харин Германд очоод энэ бодол маань эрс өөрчлөгдсөн. Монголд байнга “мотор” ажиллаастай, үргэлж завгүй байсан хүн, гэнэт бараг ямар ч асуудалгүй юм шиг орчинд орчихоор их сонин юм билээ. Эхэндээ яг юу хийх, яах гээд байгаагаа ч мэдэхээ больчихсон. Тэгээд хоёр жил хэртэй янз бүрийн ажил хийж үзлээ. Энэ үедээ хүний мөн чанар ер нь юу юм, амьдралын зорилго гэж юу юм, улс орны хөгжил гэдэг гоё шилэн барилгууд юмуу, аль эсвэл хүн нь үнэ цэнэтэй байхад байна уу гээд их бодсон. Их ч зүйл ойлгож, мэдсэн. Хүний мөн чанар гадна харагдах байдал, өмсөж зүүхэд биш, харин хийж бүтээх, хэрхэн бусдын амьдралыг өөрчилж байгаагаар хэмжигддэгийг ойлгосон. Үүнтэй яг адил улс орон, хотын хөгжил ч бас дотоод мөн чанараасаа хамаарна. Хэрхэн бүтээж, хэрхэн бусдын амьдралыг өөрчилж байгаагаас улс орнуудын үнэлэмж хамаарч байна. Өдгөө зөвхөн Германд төдийгүй, дэлхий нийтэд инженер техникчид, шинэ технологи нэвтрүүлэгчид, бүтээгч хүмүүс маш нэр хүндтэй. Яагаад гэвэл тэд л хөгжлийг бий болгодог.

-ГЕРМАНД ОЧСОНЫ ТАНЬ ДАРАА МОНГОЛ ГЭЖ ХАРАХГҮЙ. НЭГ АЗИ ОХИН Л ГЭЭД БАЙСАНД ИХ ЭМЗЭГЛЭДЭГ БАЙСАН ГЭЖ ДУРСАЖ БАЙСАН...

- Тийм ээ, тэр үед тэгж эмзэглэдэг байснаа бодохоор инээд хүрэх юм. Одоо ч гэсэн хил даваад л биднийг Монгол гэж харахгүй. Хэн нэгэн ази л гэнэ. Магадгүй зарим нь Хятад эсвэл Япон гэж бодох байх. Гэхдээ, хэрэв бид харах өнцгөө жаахан өөрчлөөд үзвэл, ер нь биднийг яагаад заавал Монгол гэж мэдэх ёстой билээ??? Бид Их эзэн Чингис хаанаараа бахархдаг. XIII зуунд байсан Чингис хаан маань үнэхээр агуу хүн. Тиймээс ч үр удам нь гэж хэлүүлэх дуртай. Гэхдээ л тэр бол XIII зуун. Харин одоо XXI зуун. Тэгэхээр, тэнгэрлэг язгуурт энэ тэр гэхээ зарим үед орхих хэрэгтэй.

-ТЭГВЭЛ, ТАНЫ БОДЛООР МОНГОЛЧУУД БИДЭНД ЯМАР ОНЦЛОГ БИЙ ВЭ?

- Тоочоод яривал зөндөө. Наад зах нь манайхан чинь эргэн тойрныхондоо сэтгэлээсээ ханддаг, их нөхөрсөг хүмүүс. Найз нөхдүүд гэр бүл шиг, насан туршийнх байх нь элбэг. Тийм сайхан нөхөрлөл Монголд л бий. Бага байхдаа би гадаа тоглож байгаад дуртай үедээ хөршийндөө ороод хоол идчихдэг, хэрэг гарвал түлхүүрээ орхиод л явдаг байсан. Өчнөөн олон жил айл хөрш, найз нөхөд байж, ах дүүс шиг ижилдэн дассан хүмүүс маань одоо ч тэр л хэвээрээ. Сайхан шүү. Германд бол хэлж мэдэхгүй байна. Гадны улс орнуудад ганцаардлын өвчин их байдаг юм билээ. Харин манайд байхгүй. Энэ нь дандаа л найз нөхөдтэйгөө, гэр бүл, хамт олноороо байдагт болов уу. Энэ ухааныг агуу эх орончид, өвөг дээдэс маань урьдчилан хараад, бидэнд маш ойлгомжтойгоор зүйр цэцэн үг, сургаал үг, ардын аман зохиол, язгуур урлагтаа шингээн таниулчихсан юм билээ. Би хэсэг залуусын хамт “Амьддаа бие биенээ хайрла”, “Тэнгэр шиг бай”, “Охин үрээ хайрла” зэрэг шүлэг, яруу найргуудыг Герман хэл дээр орчуулан, цомог болгон гаргасан. Гадныхан сонсоод үнэхээр их гайхан биширч, сэтгэл нь догдолдог. Эдгээр агуу бүтээлүүдийн утга агуулга, сэтгэлгээ, философи нь ерөөсөө л бидний онцлог. Үгээрээ нууцаа бидэнд өвлүүлж ирж. Харин бид илүү тордож, сэргээн судалж, дамжуулан, үр ачдаа, дараа үедээ үлдээх үүрэгтэй. Яг энэ мэт өв соёлоо алдахгүй, авч явж байвал бид бусдаас ялгарна. Үүнд л бидний онцлог, үнэ цэнэ оршиж байна.  

-ГЕРМАНД БАЙХДАА МОНГОЛЫНХОО ЮУГ ХАМГИЙН ИХЭЭР ҮГҮЙЛДЭГ ВЭ?

- Манай Монголд, Монголчуудад маань сайхан юм маш их. Тэр олон сайхнаар зөндөө их дутдаг. Монгол махны амт үнэхээрийн үгээр хэлшгүй сайхан. Ирээд хоолоо идэхээр бараг нулимс гарна. Гудманд халтайчихаад тоглоод гүйж яваа хүүхдүүд, орцныхоо өмнө хуучлаад сууж байгаа хөгшдөө харахаар хайр төрнө. Тэгээд “Ямар сайхан юм бэ. Би чинь Монгол хүн шүү” гэж бодогддог. Зарим хүмүүс “Хамаг залуу насаа гадны улсыг хөгжүүлэхийн төлөө өнгөрүүлчихээд, ясаа тавих болохоороо битгий ирээрэй...” гэх зэрэг их хатуу үг хэлдэг л юм. Юу гэж дээ. Би чинь Монгол хүн. Хэн ч, юу ч гэж хэлж байсан би хүссэн үедээ ирнэ. Би өөрийгөө хоёр ертөнцөд амьдарч байна гэж боддог юм. Энэ нь надад Монголоо хөндлөнгөөс нь харах боломжийг олгодог Тиймээс ч Монголын соёлыг Германд таниулах, залуусыг сургах, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулахыг хичээн ажиллаж байна. Энэ бүх ажлыг маань Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Гадаад харилцааны яам, түүнчлэн Германы тал, холбогдох албаныхан бүх талаар дэмжин, хамтран ажиллаж байгаад маш их баярладаг. Тиймээс хэдий ихэнх цаг хугацаа маань өөр газарт өнгөрч байгаа ч, би эх орондоо хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог. Магадгүй Монголд байгаа зарим хүмүүсээс ч илүү байх.Нээрээ би чамд нэг сонирхолтой зүйл хэлэх үү?

-ЗА ТЭГ. ЮУ ТЭР ВЭ?

- 1926 онд Богд хаан зарлиг гаргаж 35 сэхээтнээ Герман, Франц зэрэг барууны оронд явуулж сургасан байдаг. Энэ түүхийг хүмүүс ерөнхийд нь мэднэ. Гэхдээ манай 16-22 настай залуу сэхээтнүүд тэндээс юу сурч, ирээд юу хийж бүтээснийг төдийлөн мэддэггүй. Би үүнийг хоёр жил судаллаа. Маш гайхалтай түүх.. Тэдний түүхэн баримтуудаар товхимол гаргаж, улмаар баримтат кино болгохоор зорьж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга ч дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тиймээс маш том оюуны хөрөнгө оруулалт болох байх. Эдгээр залуусын түүх бол бидний бахархал. Үүнийг залууст хүргэх ёстой. Дөрвөн залууг нь Францад явуулж, бусдыг нь Германы Берлин, Дрейзден, Лайпцек хотуудад тараан сургасан юм билээ. Тэдний нэг Т.Нацагдорж гуай кино найруулагчаар сурч, олон сайхан бүтээл хийсний нэг нь “Хуучин хүү” кино. Энэхүү бүтээл 1937 онд Оскарт нэр дэвшин, тухайн оныхоо шилдэг кино болж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хоёр Нацагдорж явсны нөгөө нь манай шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж гуай. Хүмүүс сайн мэднэ. Мөн Монгол улсын анхны мал зүйч Т.Аюурзана гуай “Орхон” үүлдрийн хонийг бий болгосон. Энэ хонь маш онцгой нарийн ширхэгт ноостой бөгөөд одоо ердөө 90-хэн ширхэг байдаг гэсэн. Анхны баруунд сурч ирсэн эдгээр сэхээтэн залуусын түүх, замнал өдгөө ч үргэлжилж байна. Т.Аюурзана гуайн охин агрономич А.Эрдэнэчимэг эрс тэс уур амьсгалтай манай улсын мал аж ахуйд маш их хэрэгтэй, ган гачигт тэсвэртэй “Мандал” сортын өвс гаргасан бол зээ хүү Э.Амар нь өвөөгийнхөө бий болгосон “Орхон” үүдрийн хонины ноосоор “Люксус” брэндийн пальто үйлдвэрлэн Японы зах зээлд цөөн тоогоор, өндөр үнэтэй гаргаж байна. Гайхалтай байгаа биз. Зөвхөн энэ хүний гурван үеэрээ хийж бүтээснийг сонсохоор бараг миний "шар үс" босч байсан. Энэ мэт жишээ олон. Тэгэхээр Богд хаан мундаг ухаан гаргаж, улс төрийн том стратеги хийж байсан байгаа биз. Энэ л бидний бахархал. Бахархал ийм л байх ёстой. Би заримдаа “Чи ер нь ямар бодолтой хүн бэ?” гэж хүмүүс асуухаар, хошигноод “Богдын стратегитэй” гэдэг. Монголын төлөө бол хэнтэй ч эвсэнэ ... /инээв/. 

-МАНАЙ ЗАЛУУС, ДЭЛХИЙН ХҮН БОЛОХ НЬ ЧУХАЛ ГЭЖ ИХ ЯРЬДАГ БОЛЖ. ЗАРИМ НЬ ДЭЛХИЙН ХҮН БОЛОХОД ЗААВАЛ ХӨДӨӨ ОЧИЖ АРГАЛЫН УТАА ҮНЭРЛЭЖ ҮЗСЭН БАЙХ ЁСГҮЙ Ч ГЭХ ЮМ. ТА ЭНЭ ТАЛ ДЭЭР ЯМАР БОДОЛТОЙ БАЙНА?  

- Үзэх ёстой юм шүү дээ. Энд хүний хөгжлийн асуудал яригдана.Хүн хөгжих тусмаа гэгээрдэг юм байна л даа. Өөрөөр хэлбэл наад захын хооллох, амрах, үржих хэрэгцээнээсээ халиад гадагш тэлэхийн тулд заавал дотогшоогоо орж өөрийгөө таних хэрэгтэй болдог. Өөрийгөө ялж, өөрийгөө ойлгож байж хөгждөг. Тэгэхээр дэлхийг ойлгохын тулд эхлээд Монголоо ойлгох ёстой. Дэлхийд гараад би бусдаас юугаараа ялгаатай юм. Намайг хэн сонсох юм. Яагаад сонсох ёстой гэж гэдгийг, угтаа Монголоо ойлгож байж л олж мэднэ. Үүнийг мэдэхгүйгээр дэлхийтэй эн зэрэгцэх хэцүү. Магадгүй хэн ч тоохгүй. Хүлээж авахгүй. Хэл сурах ч бас яг ийм. Жишээ нь хэрэв би монгол хэлээ сайн сураагүй бол Герман хэлийг сурч чадахгүй. Харин герман хэлийг сайн сураагүй байсан бол тэнд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй. Тэгэхээр буцаад л ирдэг юм. Би малын гэдэс цэвэрлэж чадна. Гэдсэн буузанд дуртай. Яагаад болохгүй гэж. Залуучууд маань эхлээд өөрийгөө хэн бэ гэдгээ мэдээд, дараа нь дэлхийд гарвал тун сайнсан.

-ТАНЫ ӨМНӨХ ЯРИЛЦЛАГУУДЫГ УНШИЖ БАЙХАД ИХЭВЧЛЭН УЛС ТӨРЧ ГЭДЭГ АГУУЛГААР НЬ АСУУСАН БАЙСАН...

- Хувь хүний минь талаар асуугаасай гэж их хүсдэг л дээ. Гэхдээ Монгол хүн Германы улс төрд байгаа нь сонирхлыг нь илүү татдаг юм болов уу. Зарим хүн улс төрч гэхээр сэжиглэнгүй хандана. Хэлээгүйг минь хэлсэн болгож, хэлснийг нь хэлээгүй болгож мушгих нь ч байх юм. Хүн ер нь олон нийтийн хараанд орохыг тэр бүр хүсдэггүй байхаа. Би л лав хүсээгүй. Гэвч үг, үйлдэл болгоноо анхаарах хэрэгтэй болсон. Энэ маш хэцүү. Мэдээж тодорхой хэмжээгээр хувийн эрх чөлөөтэй байхыг хүсдэг. Гэвч улс төрч гэхээр л их л муу хүн мэт харах нь Монголчуудын дунд байх юм. Яахав тэдний буруу бас биш л дээ. Үнэндээ манайд иргэдийн улс төрийн боловсрол маш сул байна. Германд улс төрийг бүр багаас нь ойлгуулдаг юм билээ. Насанд нь тохирсон байдлаар, улс гэж ийм юм, хууль гэж ийм учиртай гэх мэтээр тайлбарлаад өгчихдөг. Харин манайд зүгээр л ямар ч системгүй, ам дамжсан сул яриагаар улс төр, улс төрчдийг ойлгож байна.

-МАНАЙХАНД УЛС ТӨРЖИНӨ ГЭХЭЭР АЛЬ НЭГ НАМД ХАМААРЧ, ХЭРЭВ НАМД ХАМААРСАН БОЛ ЭСРЭГ ТАЛАА ҮЗЭН ЯДАХ ХАНДЛАГА БАЙХ ЮМ...

- Энэ зөвхөн Монголд биш л дээ. Ерөөсөө улс төрийн сэдэв ийм байдаг. Намууд өрсөлдөнө, бас нам дотроо ч өрсөлдөнө. Угтаа улс төр гэдэг шатрын нүүдэл. Тархи үргэлж ажиллаж байдаг, 24 цаг хоцрох эрхгүй тоглолт. Гэхдээ Монголд дэндүү хар байна. Доромжлох, хувийн асуудалд нь орох, бүр гэр бүл рүү нь халдах энүүхэнд. Манайхан, улсынхаа дээр намыг авааччихсанд л гол асуудал байна. Энэ хамгийн буруу. Үзэл бодлоороо намд ороод явж болно. Гэхдээ гол эрх ашиг нь Монголынх, эх орных байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Миний хувьд эх орныхоо эрх ашгийн төлөө бол хэнтэй ч хамтарна. Намайг нэг хэсэг МАН-ых гэж харлаа. Дараа нь АН ч гэлээ. Сүүлдээ МАХН ч гэж байна. Тэр биш юмаа. Би Германы улс төрч. Эрх зүйн хувьд Монголд аль нэг ашиг сонирхлын бүлэгт хамаарах нь нийцэхгүй. Харин зөвлөгөө өгөх, найз нөхөр, Монгол хүн гэдгээрээ хамтрахад бэлэн. Хүн хаана төрснөөсөө шалтгаалаад тодорхой үүрэгтэй ирдэг болов уу. Тиймээс өөрийгөө соён гэгээрүүлэх, олж мэдсэнээ хуваалцах үүрэгтэй ирсэн гэж боддог. Энэ үүргээ биелүүлж Германд Монголыг таниулах, Монголоо илүү сайхан болгохын төлөөх үйлсийг хийж байна. Бас хүмүүнлэгийн, сайн үйлсийн зэрэг ажлуудыг хийж ирлээ. Учир нь би сайн сайхныг түгээж, бусдыг баярлуулах дуртай. Баярласан сэтгэлээр дүүрэн нүдний харц, оч гэрэл намайг аз жаргалтай болгодог доо.

2019 оны Нэгдүгээр сар

нийтлэгч:

Сэтгэгдэл