• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-02-24 11:32:41

Т.УРАНЧИМЭГ: ГАР УРЛАЛ БОЛ СТРЕСС ТАЙЛЖ, ХҮН МАШ ГОЁ СЭТГЭЛИЙН ТААШААЛ АВДАГ ЗҮЙЛ ЮМ

Сүүлийн үед сошиал орчинд шилэн урлал хэмээх ганган чамин хийцтэй гар урлалын бүтээлүүдийг хийж, олон нийтэд танилцуулж буй бүсгүй бол Төмөрбаатарын Уранчимэг. Тэрбээр дуучин, загвар өмсөгч төдийгүй гар урлалаар нэлээд нэрд гарч буй нэгэн. Ингээд URANIA брэндийг үндэслэгч Т.Уранчимэгтэй шинэхэн хийж эхэлсэн бүтээлийнх нь талаар болон сургалтынх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Юуны өмнө уншигчиддаа болон танай хамт олонд эрүүлийг хүсье. Намайг Төмөрбаатарын Уранчимэг гэдэг. Ам бүл дөрвүүлээ амьдардаг. Миний хувьд Солонгост 5, АНУ-д 10 жил сурч, ажиллаж амьдраад 2012 онд эх орондоо ирсэн. Монголдоо ирээд “Мерси Кор” ОУБ-ын “Үндэсний төвшинд авлигын эсрэг, сайн засаглалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо” төслийн ажилтнаар 15 аймгийн 60 суманд ажилласан. Одоогоор “SupremePower” LLC захирал, “DMD” entertainment-ын захирлаар тус тус ажиллаж байна.

-Таныг нийгмийн идэвхтэй, бас загварын болон урлагийн салбарт ч ажилладаг тухай сонсч байсан юм байна. Тэр талаараа сонирхуулахгүй юу?

-Олон жил гадаадад байсан болоод ч тэр үү ер нь эх оронч хүн дээ. Өөрийн чадах хэрээр хүнд туслах дуртай. “Сүүн сэтгэлийн дэм” ТББ-тай хамтран “99 гэр” хөтөлбөрт нь оролцож, янз бүрийн шлтгаанаар орох орон гэргүй болсон олон айлыг гэртэй болгосон. “Нийслэл Ротари” клубын гишүүн гээд бичвэл тун урт болох байх. Миний хувьд 1998 онд “Ганга гоёл”  загварын агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байсан. АНУ-д анхны амьд хөгжмийн “Хөх Монгол” хамтлагт дуучин байсан. Одоо “DMD” entertainment маань тасралтгүй 10 гаруй жил олон сайхан хамтлаг, дуучдын уран бүтээл дээр ажиллаж байна. Мөн Make up artist гээд өөрийн сонирхлоор олон төрөлд хүч үзэж явна. Аав маань хөгжмийн удирдаач, ээж маань жүжигчин хүмүүс. Урлагийн гэр бүлд өсч торнисон болохоор урлагт дуртай.

-Гадаадад байх хугацаандаа загвар өмсөгчөөр ажиллаж байсан уу. Гадаадын агентлагтай гэрээтэй байсан уу?

-“Хаврын гоёл” загварын шоунд оролцож байлаа. Мөн АНУ-д байхдаа дизайнер Н.Соёлмаагийн ноолууран бүтээлийг өмсч байсан. Бас Монголоос ирсэн загварын шоунуудад оролцож байлаа.

-Хэзээнээс гар урлалын бүтээлүүд хийх санаа төрсөн бэ. Заавал яагаад ийм шилэн бүтээл урлах санаа төрөв?

-АНУ-д байхдаа хатаамал цэцэг, модлог ургамлаар бүтээл хийж байсан. Америк хүмүүс төдийгүй нэртэй одууд хүртэл миний бүтээлийг хараад жирийн нэг монгол охин хийсэн гэхээр гайхдаг байсан. Монголдоо ирээд бүтээгдэхүүн авсан үйлчлүүлэгчиддээ шилэн зүйлүүдийг маш гоёор чимэглэж, бэлэглэж эхэлсэн. Гар урлалын олон төрлөөр юм хийдэг. Шингэн шилний урлалын хувьд эхлээд Youtube-ээс маш удаан бичлэг үзэж, биширч, сонирхож байгаад “Гар урлалын групп”-ээс анхны багштайгаа учирсан даа. Энэ цагаас эхлээд л яаж эхлэхээ ойлгож авсан. Энэ завшааныг ашиглаад багшдаа баярлалаа гэж хэлье. Ерөнхийдөө эхний үедээ өөрөө сураад гэрээ гоёно гэж бодож байсан ч хүмүүст маш их таалагдаж, захиалга ч их ирсэн. Тэгэхээр ер нь сургалт хийж, олон айл өрхийг орлоготой болгоё, мөн амьдралын бололцоо тааруу, өрх толгойлсон ээж, аавуудыг үнэгүй сургаад амьдралд нь тус нэмэр болъё гэж шийдсэн. Тиймээс л сургалтаа явуулж эхэлсэн. Миний ярилцлагыг уншиж байгаа та бүхэн цааш нь дамжуулж, олон айл өрхийг орлоготой болгох ажилд минь туслаарай гэж хүсч байна.

-Ямар материалаар бүтээлүүдээ урладаг вэ?

-Шингэн шил буюу давирхай, хатуулагч, саа, будаг, чимэглэл гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн ашигладаг.

-Шингэн шилэн урлал гэхээр хүмүүс гайхах байх. Хэчнээн шат дамжлагаар ийм сайхан бүтээл болж байна вэ?

-Шингэн шилний урлалын хувьд үндсэн зааврын дагуу хийх боловч хамгийн гол зүйл бол хувь хүний буюу тухайн урлаачийн мэдрэмж байдаг гэж бодож байна.

-Материалын олдоц ямар байдаг вэ. Материалаа хаанаас авдаг вэ?

-Материалын олдоц одоогоор гайгүй. Ерөнхийдөө Улаанбаатарт байдаг. Миний хувьд Америк, Хятад улсаас бас материалаа авдаг.

-Яаж ингэж чимэглэж хийдэг вэ. Одоогийн байдлаар хэчнээн бүтээл гаргаад байна вэ?

-Хувь хүнийхээ хувьд чамин, содон, гялалзсан, тансаг, өнгөлөг гоёмсог орчинд болон эд зүйлд дуртай. Түүнийгээ ихэвчлэн өөрөө бүтээдэг. Мөн хүмүүст үзээгүй, мэдрээгүй, мөрөөдлийн орчныг нь бүрдүүлж, мартагдашгүй дурсамж үлдээх дуртай. Тухайн бүтээлийг хэнд зориулах вэ, юунд хэрэгтэй вэ гэдгийг бодож байгаад л шууд эхэлдэг. Ер нь хийж байхдаа шийдлээ олдог. Онгод ордог гэх юм уу даа. Ямар нэгэн хэв маягт баригддаггүй. Бүх зүйл дээр өөрийнхөөрөө байх дуртай. Хань маань ч одоо бүр гайхахаа байсан. Нэг харахад ээж, тогооч, барилгачин, гар урлаач, нүүр будагч, дуучин, зохиолч гээд л маш олон зүйл сэдэж, түүгээрээ суралцаж байдаг. Тэгэхээр би яг өөрийнхөөрөө л амьдардаг. Айлын эрх охин шиг л ханьдаа 23 жил эрхэлж байна даа. Бүтээлийн хувьд тоолж чадахгүй байх аа. Маш олон төрлөөр хийж, туршиж байгаа учраас тоолох боломжгүй болсон. Ер нь цаашдаа Монгол үндэсний хэв маягаа шингээсэн хаана ч байхгүй содон, тансаг, чамин бүтээл хийхийг зорьж байгаа.

-Ханьдаа 23 жил эрхэлж байна гэж та ярилаа. Гэр бүлийн хүн тань урлагийн хүн үү?

-Үгүй ээ, огт өөр мэргэжилтэй хүн. Тэгэхдээ хадам аав маань Болд гээд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайтай хамт сурч байсан, бас урлагийн хүн. Хэрэв сэрүүн тунгалаг байсан бол магадгүй урлагаар явах байсан байх.

-Эргээд бүтээл рүүгээ орох уу. Та бүтээлүүдээ гэрээрээ худалдаалдаг уу. Ойролцоогоор үнэ өртөг нь хэд байдаг вэ?

-Онлайнаар захиалга авч, чадвал хүргэж өгдөг. Өртөгийн хувьд чимэглэл, өнгөний гаргалгаа, тухайн захиалагчийн давтагдашгүй захиалга, цаг хугацаа гээд харилцан адилгүй байдаг. Ямар ч гар урлалын зүйл дахин давтагдашгүй байдаг болохоор хэт хямд байхыг зөвшөөрдөггүй. Гадны оронд гар урлалыг маш хүндэлж, үнэлж, биширдэг.

-Шингэн шилээр юуг ч хийж болох уу?

-Шингэн шилний хэрэглээ маш өргөн. Бидний эргэн тойронд байгаа маш олон зүйлсийг хийж болно. Шингэн шилийг АНУ, Канад, Австрали, Их Британи, Европын холбооны эрх бүхий байгууллагуудын тодорхойлсон аргуудын дагуу 13 төрлийн шилжилт хөдөлгөөн, хүнсний аюулгүй байдлын сорилтоор туршсан. Шилжилт хөдөлгөөний тест гэдэг нь хүнсний бүтээгдэхүүнтэй хүрэлцэх материалаас химийн бодис хүнс рүү дамжин орох хэмжээг тодорхойлдог. Тус материалын тогтвортой байдал, идэвхгүй байдлыг хэмждэг гэсэн үг. Хатсан үедээ ямар ч идэвхгүй, хөдөлгөөнгүй болдог учраас хүнстэй хүрэлцэхэд аюулгүй гэж нотолсон. Тиймээс гэр ахуйн хэрэглээ, гоёл чимэглэл, бэлэг дурсгал, тавилга гээд хүссэн бүхнээ хийж болно.

-Сургалт явуулж байгаа гэсэн. Одоогоор хэчнээн шавьтай болсон бэ. Шавь нар нь хэр сурч байна?

-Анхны сургалт маань энэ сарын 20-нд эхэлсэн. Одоогоор 20  орчим шавьтай болоод байна. Миний хувьд хүний тоондоо биш хүмүүсийг гайхшируулж, өрхийн орлогоо нэмэгдүүлж,  хүссэнээ хийж, мөрөөдлөө биелүүлж чадах, өөрийн брэндийг бүтээгч чанартай шавь төрүүлэх нь л чухал. Сургалт маань эхлээд удаагүй байгаа учраас шавь нар маань шингэн шилээ ойлгож танилцаж, юу хийхээ шийдэж, материалын татан авалтаа хийж байна. Удахгүй гайхамшигтай бүтээлүүд ар араасаа төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Ер нь гар урлалын бүтээл хийж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг хороо, дүүрэг, улсаас дэмждэг юм уу?

-Энэ талаар яг үнэндээ мэдэхгүй байна. Тэгэхдээ шавь нарынхаа байдлыг харж, брэнд бүтээх, цаашдаа өрхийн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх шавь байвал асууж судлаж, туслана гэж бодож байгаа.

-Материалын өртөг ямархуу байдаг вэ. Сургалтад хамрагдах хүмүүс өөрсдөө материалаа авах уу эсвэл сургалтын төлбөрт багтсан байдаг уу. Сургалтад суусан хүмүүс ямар чадварыг эзмшиж гарах вэ?

-Материалын өртөг 45 мянган төгрөгийн багцаас эхэлдэг. Юу хийхээсээ, бас хэр том бүтээл урлахаасаа шалтгаалаад үнэ хэлбэлздэг. Сургалтын төлбөр маань 85 мянган төгрөг. 55 наснаас дээш насны хүмүүст 50 хувь хямдарна. Мөн амьдралын бололцоо тааруу, өрх толгойлсон аав, ээжийг үнэ төлбөргүй сургалтад хамруулна. Сургалтаар шингэн шилний тухай, хүнсний аюулгүй байдал, ямар нөхцөлд ажиллах вэ, өнгө будгийн гаргалгаа зэрэг өөрийн брэндээ бүтээх хүртэл нь чаддаг бүхнээ зааж өгөхийг зорьж байна.

-Зөвхөн шилэн урлал гэлтгүй загвар, make up  болон бусад төрлөөрөө сургалтууд явуулдаг уу?

-Одоогоор make up сургалтаа онлайнаар явуулаагүй байна. Суралцахыг хүссэн хүнд ганцаарчилсан сургалт явуулж байгаа. Мөн цаасан цэцэг, party decoration, decoupage урлалаар бүтээл хийдэг. Decoupage гэдэг маань шил, мод, төмөр гээд бүхий л зүйлийн гадаргууг чимэглэдэг урлаг. Энэ төрлөөрөөр сургалт явуулахаар төлөвлөж байна. 

-Тэгэхээр энэ сургалтад хамрагдсанаар бүсгүйчүүд маань өөрсдөө гэрээ гоёж болох нь ээ?

-Мэдээж decoupage урлагаар сурахад хаях юм олддоггүй. Хуучин эд зүйлсээ хаана ч байхгүй, шив шинэхэн бүтээл мэт болгодог. Мөн өдөр тутамд гардаг хог хаягдал ч бага байдаг. Тийм учраас байгаль орчинд ээлтэй, мөн өрхийн зарлага багасдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хаягдлыг урлагийн бүтээл болгож, хэрэгцээгүй зардлыг үгүй болгодог гэсэн үг. Мөн гар урлал стресс тайлж, хүн маш гоё сэтгэлийн таашаал авдаг зүйл юм.

-Хүмүүс захиалга өгөхөөр бол ямар хаяг, утсаар холбогдох боломжтой вэ?

-Захиалга өгөхийг хүсвэл миний фэйсбүүк Uran Sunhee T хаяг болон Гоо сайхны нууц түлхүүр гээд миний пэйжээр холбогдож болно. Мөн зөвхөн өдрийн цагаар 89009888 утсаар холбогдох боломжтой.

-Эцэст нь, залууст хандаж хэлэх таны үг...?

-Эзэн хичээвэл заяа заавал хичээдэг. Ажлыг та биш, ажил таныг голдог. Тиймээс хөдөлмөрч бай, цагийг үр бүтээлтэй өнгөрүүл гэж хэлмээр байна. Манай зарим залуус хэт их зантай, залхуу байгаа нь харагддаг. Мэдээж бүгд биш. Монгол залуус дэлхийд гайхагдаж байна. Би ханьтайгаа 10 жил АНУ-д амьдраад ирэхэд тав хоног дараалан амарч үзээгүй байсан. Тэгтлээ хөдөлмөрлөж, сурч байлаа. Тэглээ гээд буруудсан юм алга. Харин ч өөрсдийгөө бүтээж, амьдралаа босгож ирээд, бусдын амьдралыг босголцож явна. Тиймээс та нар минь нас, хүйс ялгалгүй үргэлж аливаа зүйлийг сурч, өөрийгөө хөгжүүлж, бусдын юмыг авах гэж биш бусдад өгөх хэмжээнд яваасай гэж хэлмээр байна. Аавын маань тэтгэвэрт гарсныхаа дараа хийх анхны мөрөөдөл нь АШУҮИС-д сурах байсан гэж ярьдаг. Тэр үг нь намайг үргэлж хөглөж байдаг юм. Мөн өөрийгөө хайрла, өдөр бүр өөртөө хөгжих, өөрийгөө хөглөх цагийг заавал гарга гэж л хэлье дээ.

-Танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

 

нийтлэгч:

Сэтгэгдэл