• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-07-05 09:58:06

П.ДЭМБЭРЭЛ: "ДЭВРҮҮН ФЭЙШН" МААНЬ АМЖИЛТТАЙ ӨРГӨЖИН ДЭВЖИХЭЭР "ДЭВРҮҮН БРЭНД" БОЛЖ, ИЛҮҮ ӨРГӨН ХҮРЭЭНД АЖИЛЛАНА

Сүүлийн үед сошиал орчинд өнгөлөг, дэгжин, загварлаг даашинз, цув, охидын плать нүдэнд өртөх болсон. Уг бүтээлүүдийг хийж, олон нийтэд танилцуулж буй бүсгүй бол Пүрэвийн Дэмбэрэл. Тэрбээр сэтгүүлч, оёдолчин, гэрэл зурагчин, зураглаач, тогооч, гоо сайханч, бичээч, үсэг өрөгч, жолооч, эвлүүлэгч гээд​ олон мэргэжилтэй төдийгүй өөрийнхөө гаргасан загварыг өөрөө урлачихдаг чамгүй авьяастай нэгэн. Тиймээс ч манай сайт "Дэврүүн фэйшн” ​брэндийг үндэслэгч П.Дэмбэрэлийг "Монголд үйлдвэрлэв" буландаа урьж, шинэхэн хийж эхэлсэн ажлынх нь талаар хөөрөлдсөнөө хүргэе.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Пүрэвийн Дэмбэрэл гэдэг. Хүмүүс Дээгий гэхээр Дэлгэрмаа ч юм уу, өөр нэртэй л гэж боддог. Гэтэл би чинь өвгөний нэртэй шүү дээ /инээв/. Бага байхад хүүхдүүд их шоолно. Нэрнээсээ их ичнэ ээ. Ямартаа л нэг хүн жаахан байхад “Яагаад ийм хөөрхөн охинд ийм нэр өгдөг байна аа?” гэж аавыг шоолж байх вэ. Аав маань хүү хүсдэг байсан юм шиг байна билээ. Тэр үед уулчин Дэмбэрэл гээд мундаг эмэгтэй байсан гэсэн. Бас нисгэгч Дэмбэрэл гэх мэт олон мундаг хүмүүс ийм нэртэй байсан юм билээ. Түвдээр Дэмбэрэл гэдэг нь Шүтэн барилдлага гэсэн үг л дээ. Дэм гэдэг нь шүтэх, бэрэл гэдэг нь барилдлага. Товчоор бол учир холбогдолгүй зүйл гэж энэ хорвоо дээр нэгээхэн ч үгүй. Хоорондоо сайн, муу зүйл ч заавал шүтэн барилдлагатай. Хүний бие махбодь, эрхтэн системүүд нягт холбоотой. Амьдрал дээр ургамал, амьтад ч гэсэн хэрвээ нар ивээхгүй бол цэцэг дэлгэрэхгүй, түүнчлэн ус чийг, бороо орохгүй бол өсч өндийхгүй. Бүх зүйл хоорондоо нягт шүтэн барилдлагатай байна. Тэгэхээр хүн болж  төрөх цаг хугацаа нь ч мөн шүтэн барилдлагатай. Энэ эрдэнэт биеийг олж төрнө гэдэг бол их нарийн шүтэлцээ юм. Өнгөц хэлэхэд охин хүүхдэд тийм ч тохиромжтой нэр биш атал угтаа бол ийм л учир жанцантай нэр.

-Бага насныхаа дурсамжаас хуваалцаач. Таны бага нас хаана өнгөрсөн бэ?

-Миний бага нас Дархан хотод өнгөрсөн. Аав маань насаараа төмөр замд ажилласан. Төмөр замчны охин л доо. Ээж минь Дарханы Ус суваг ашиглалтын газрын  ууган ажилчдын нэг. Намайг 12 настай байхад бурхан болсон. Ах, эгч нар маань одоо Дархандаа амьдардаг. Би айлын отгон охин. Одоо төмөр замын өртөөнүүдэд хаалга нь хоёр тийшээ харсан байшингууд байдаг даа. Яг тийм олон цуваа хэдэн эгнээ байшин хороолол байсан. Одоо бол газарт ороод оронд нь таван давхар байшингууд барьчихсан байгаа. Гаднаасаа жаахан юм шиг хэрнээ дотроо бол их олон өрөөтэй. Том жижиг нийлсэн есөн өрөө. Жижиг үүдний өрөөнүүдэд хүүхдүүдтэй их тоглоно. Одоогийнх шиг гар утас, компьютер гэж байх биш. Өглөө гараад, орой болтол гадаа сайртатлаа тоглоно шүү дээ. Ам цангах өлсөх үед хэнийдээ ч хамаагүй ороод боов боорцог олоод идчихнэ. Ус цай уучихна. Хөөцөлдөнө, нуугдана, дэлгүүр болж баахан шил чулуу боож баглаж, зарж тоглоно. Одоо бол хүмүүс орцныхоо айлуудыг байтугай хажуу айлаа ч танихгүй шүү дээ. Гэтэл бид тэр үед бүх хүн бүх айлуудаа таньдаг. Манайхныг Төмөр замын ногоон байр гэж нэрлэнэ. Зүүн талд байх эгнээ шар байшингуудыг Махын 40 гэдэг. 40 айл байсан байх. Баруун талдаа Чулуун байшингуудад бас төмөр замчид байна. Ингээд бараг 100-аад айл байхад энэ тэрний ах эгч, тэдний эмээ гэх мэт хэнийх хаана байдаг, гэр бүлийн бүх гишүүдийг,  юу хийдгийг нь хүртэл мэднэ. Хэнийх гаднаа боорцог чанаж, толгой хуйхалж байгаа нь ч ил. Айлууд хаалгаа түгжинэ ч гэх байхгүй. Архидалт, гэмт хэрэг байхгүй учир айх айдас ч байхгүй амгалан тайван амьдарцгаадаг байсан. Томчууд баяр ёслол болохоор нэг нэгнийдээ айлчилна. Хүн өнгөрвөл бүгд ёс юм шиг оролцоно, хүүхдүүд буяны будаа иднэ гээд жинхэнэ нийтийн амьдрал гэгч л тэнд байсан.  Нэгнийх нь хүүхэд халуурвал нэгнээсээ халууны шил гуйна. Шприцээ буцалгаад хэрэглэнэ. Нэгнээсээ халуун саваа  өгөөч эмнэлэг явах гэсэн юм, кетээ өгөөч тэмцээнд орох гээд байна гэх мэт одооны хүүхдүүд сонсвол үлгэр домог шиг л. Нэг нэгнээсээ хамааралтай амьдардаг, юм ч ховор байсан цаг. Хараа гол руу өдөр бүр явж шумбана. Орой 17:00 цагийн үед Улаанбаатараас Сэлэнгэ явах галт тэрэг ирэх үед, тосгоны айлуудын үхэрнүүд гэртээ харих цагаар л бид бас гэртээ харина. Гол руу очих, харих замдаа зүгээр ч нэг явахгүй. Төмөр замын чанга яригчаар нэг нэгнийгээ элдэв хоч нэрээр нь дуудаж  хашгирч төмөр замчдад хөөгдөнө. Орой болохоор ах эгч нар аргал хомоол уугиулж, шумуул зайлуулангаа гитар тоглож бид түүнийг нь сонсож хөгжилдөнө. Эсвэл цагаан гар, сүнс ярьж айлгаж, зүрх амаар гаргахаа шахна гэх мэт багын дурсамж барагдахгүй их ээ.

-Таныг харахад нийгмийн идэвхтэй, сошиалд янз бүрийн нийтлэл их бичдэг?

-Энэ бол сэтгүүлч мэргэжилтэй холбоотой байх. Нийгэмд сайн муу, сайхан муухай янз бүрийн л үйл явдал өрнөнө. Бүх сэдэвт оролцохгүй ч зарим зүйл дээр өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлдэг. Бас хүмүүсийг санаа аваасай, ойлгоосой гэсэндээ ямар ч сэдвээр хамаагүй пост оруулна. Энэ нь л их идэвхтэй харагддаг юм болов уу даа. Мөн хүмүүнлэгийн үйлсэд оролцдог болохоор тэгж харагддаг байх. Идэвхтэй гэснээс харин бага байхдаа юуны ч хамаагүй дугуйлан байвал орчихдог, жинхэнэ  идэвхтэй хүүхэд байлаа. Тооны, цэцэгчний, сагсны бүр ушу, каратэгийн дугуйланд хүртэл явсан гээч /инээв/. Мөн гимнастикийн дугуйланд явж байгаад Хотын аварга шалгаруулах тэмцээнд сургуулиа төлөөлж оролцож байлаа. Аэробекийн дугуйланд явж уралдаанд оролцоно. Ангийнхаа сагс волейболын шигшээ багт орно. Дууны хамтлагт бөмбөр цохино. Ахлах ангид ороод ангийнхаа хэсэг охидтой “Сондор” нэртэй бүжгийн хамтлаг байгуулж тухайн үед моданд орж байсан реп бүжгийн болон цэнгээнт бүжгийн тэмцээнд оролцоно гээд ёстой л нийгмийн идэвхтэй охин байсан даа. Бүгд пионерийн гишүүн учир улаан галстуктай. Харин дарга хүүхэд галстукаа цэнхэрээр эмждэг байсан. Миний галстук бол дандаа л цэнхэр эмжээртэй байсан даа. Манай ангийнхан бүгд гар өргөөд одоогийнхоор бол сонгуульд ялалт байгуулчихдаг. Ангийн дарга, ариун цэврийн дарга, салаан дарга, сахилга батын дарга ч гэх шиг /инээв/.

-Сэтгүүлзүйн салбарт хэдэн жил, хаана хаана ажиллаж байв?

-Энэ салбарт бүр эртнээс гэж хэлж болно. Аравдугаар ангиа төгсөөд зөвхөн МУИС-д орохоор конкурс өгсөн боловч уначихсан. Уг нь тэр жилдээ Дархандаа эхний гуравдугаар байрт орж байсан гээд л бод. Гэвч МУИС-ийн хуваарь ердөө ганц ирсэн. Буугаад Багшийн коллежид орж болох байсан ч ороогүй. Тэгээд ажилгүй байж байтал Дархан сонины газар ажилд хүн авна гэсэн зар байсан. Очтол олон охид, хөвгүүд байна. Монгол бичиг, монгол хэлээр шалгалт авсан. Нэгдүгээр байрт шалгараад ажилд орсон. Ямар ажил гээч, "үсэг өрөгч". Одоо бол юун жанжин Сүхбаатарын үеийн юм яриад байна аа л гэх байх. Социализмын үеийн хамгийн сүүлчийн үсэг өрөгч гэвэл би л болох байх. Өдөржин сонины бүх нүүрэнд гарах мэдээ, сурвалжилга,  нийтлэлүүдийг одооны хүүхдүүдийн лего тоглоом шиг хар тугалган жижигхэн үсгээр нэг ширхэг ширхгээр нь цэг таслалтай нь эвлүүлж өрнө. Мөн ч их ажил шүү. Гараа яаж ч савандаж угаасан тугалганы толбо үлдэнэ. Халтар гарнаасаа их ичнэ ээ. Ашгүй тэгтэл бичээч маань их сургуульд сурахаар явж би оронд нь бичээч болсон. Гар ч цэвэрхэн болж гоёж гангалах ч амар боллоо. Сэтгүүлчдийн гараар бичсэн мэдээ, нийтлэлүүдийг өдөржин бичгийн машинаар тоншино. Хааяа өөрөө нийтлэл бичиж сониндоо тавьдаг байсан. Тэр үед зах зээлийн системд шилжээд улсын үйлдвэрүүд хаагдах нь хаагдаж хувьд очих нь очоод хэдэн жил болж байсан үе. Хоёр жил ажиллаж байтал Дархан сонины газар маань ч хаагдсан даа.

-Сэтгүүлчээрээ өөр хаана ажиллаж байсан бэ?

-Сонины газраас хойш худалдагч, оёдолчин, бармен, байрны дарга зэрэг янз бүрийн ажил хийж байгаад оройтож дээд сургуульд орсон. РТДС-иа төгсөөд МҮОНТВ-ийн дэргэдэх нэг жижиг студид ажиллаж байгаад 2005 оноос Монголын анхны чөлөөт ардчилсан 25 дугаар суваг телевизэд ажилд орсон. Анх хэсэг мэдээнд явж байгаад нэг удаа хөдөө нэвтрүүлэг хийх томилолт аваад яваад иртэл нэвтрүүлгийг маань Авирмэд захирал үзээд “Энэ нэвтрүүлгийн албанд баймаар хүн байна” гээд л нэвтрүүлгийн албаны редактор болсон доо.

-Сэтгүүлч гэдэг их олон хүнтэй уулзаж учирдаг сонирхолтой мэргэжил. Дурсамжтай үйл явдлуудаар дүүрэн байсан байх даа.

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Өглөө бүр хаашаа ч явж, хэнтэй ч уулзаж магадгүй гэдгээрээ их сонирхолтой, баян л даа. Ажлынхаа буянаар 21 аймгийн 17-д нь очиж үзсэн юм байна. Тэр далимд нь Монголынхоо түүхийн болон байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхсон бас л азтай. Сэтгүүлч хүн чинь сайн муу хүмүүс, сайхан муухай үйл явдлуудтай учирна. Хүн амины хэргээр 30-аад жил шоронд сууж байгаад гарч ирсэн хүнтэй ч ярилцаж байлаа. Гараад иртэл нь нийгэм бүр огт өөрчлөгдчихсөн, гадаадад явж байгаа мэт өндөр өндөр шилэн барилгууд баригдчихсан, хүмүүсийн өмссөн зүүсэн нь шал ондоо, 2010 гарчихаад байхад анх удаа л гар утас гар дээрээ тавьж үзээд мэл гайхаж байх жишээтэй. Энэ мэт алуурчнаас эхлээд төрийн тэргүүнтэй ч ярилцлага хийж байлаа. Гэхдээ голдуу соёл урлаг, нийгмийн нэвтрүүлэг хийдэг байсан болохоор дандаа л сайн сайхан хүмүүстэй уулзаж танилцана. Тэр дундаа "Би” гэдэг хөрөг нэвтрүүлгийнхээ буянаар улс төр, урлаг спортын Монголын сор болсон олон сайхан алдартнуудын орон гэрээр очиж танилцан, амьдрал ахуй, үүх түүх, алтан сайхан сургаалийг нь сонсож явлаа.

Урлагийн ноён оргилууд болох Лувсаншарав, Хайдав, Уртнасан, Эрдэнэбулган, эрдэмтэн Хавтгайн Намсрай, тооны Мекей багш, зохиолч Дэндэвийн Пүрэвдорж, Шаравын Сүрэнжав, Бавуугийн Лхагвасүрэн, боксчин Банди багш, дипломатч Гэндэндарам гэх мэт хийсэн бүтээснээрээ гавьяа байгуулсан тийм л сайхан улсуудтай сэтгүүлч мэргэжлийнхээ ачаар уулзаж байж дээ. Тэр нэвтрүүлгүүдээрээ “Би-гээс Бид” нэртэй 2 цуврал ном болгосон маань телевизийн нэвтрүүлгийг ном болгон буулгаж болдгийн жишээ болсон. Өөр жанрын олон нэвтрүүлгүүд хийсэн дээ. Долоо хоногт 1-2 нэвтрүүлэг хийдэг байсан гэхээр бараг 10 жилд өчнөөн л нэвтрүүлэг болох байх. “Амьдралаа гэж” цуврал нэвтрүүлгийн зохиолуудыг бичнэ. Цагаан сар, наадам зэрэг тэмдэглэлт баярууд дөхөөд ирэхээр теле зохиомжууд бичнэ. Ил гардаггүй болохоор хүн танихгүй ч арын албаны редакторын ажил мундахгүй. 25 телевиз анх "Өглөө" хөтөлбөртэй болж ерөнхий редактороор нь ахалж байлаа. Одоо бол телевиз рүү ороход хаалга нь цоожтой картаар онгойдог хүн ч үзэгдэж харагдахгүй нам гүм болсон байна билээ.

Бидний үед хаалга үүд дэлгээтэй, таних танихгүй олон хүн хөлхсөн, энд ч инээж хөхөрч, элдэв юм ярьж нэгнээ хөгжөөсөн бөөн л эрч хүч, жинхэнэ үймж бужигнасан. СУИС руу ороход ямар дуу чимээтэй байдаг билээ, түүн шиг л байсан даа. Ямар сайндаа манай найз ажил дээр ирээд "Хүүе танай ажлынхан чинь шорттой, жинстэй, пүүзтэй ямар л бол ямар ч хамаагүй хувцасласан оффисын баригдмал биш, нэгнийгээ тэвэрч авч хөгжилдсэн, алиа марзан зүйл ярьж инээлдсэн ямар сайхан чөлөөтэй хөгжилтэй гоё юм бэ? Ёстой л уран бүтээлчид ийм байдаг байх даа. Алтай захирлыгаа ахаа ч гэж байх шиг" гээд инээж байсан. Өөрөө төрийн албаны ажил хийдэг хүн болоод тэр үү их сонин санагдсан байх.  Нээрээ л бид Алтай, Авирмэд захирлуудаа ах аа л гэдэг. Атаманаа ч гэнэ. Ах аа, эгч ээ болоод л уран бүтээлээ инээж хөхөрч ярилцаад, загнуулахдаа загнуулаад жаргал зовлонгоо хуваалцаад сайхан хамт олон байсан. Телевизээс их ч зүйлийг сурсан даа. Наанадаж эвлүүлэгчдийнхээ хажууд редакторууд нь харж суусаар алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр монтаж сурчихаж байгаа юм. За тэгээд зарим нь зураг аваад сурна гэх мэт телевизийн сэтгүүлчийн онцлог бага боловч техниктэй харьцаж сурсан байгаа юм. Энэ телевизийнхээ буянаар “Алтан шонхор” атгаж байлаа. 2013 онд Монгол  Улсын шилдэг сэтгүүлч гэх том алдрын эзэн болсон. 25 телевиз миний амьдралд маш сайхан үр өгөөжтэй, дурсамж дүүрэн он жилүүдийг бэлэглэсэн. Дараа нь өвчний улмаас хэсэг завсарласан. Одоо ч 25 телевиз надаас хөдөлмөрийн гэрээгээ цуцлаагүй. Ажилдаа орох бол ирээрэй л гэдэг юм.

-Хэзээнээс оёмол бүтээгдэхүүн хийх санаа төрсөн бэ. Заавал яагаад оёдлын салбарт ажиллах санаа төрөв?

-Уг нь би оёдлын чиглэлээр ажиллана гэж бодож байгаагүй. Гэтэл дэлхий нийтэд цар тахал дэгдэж хүн бүр гэртээ суух шаардлага гарсан. Үүнээс өмнө чөлөөт уран бүтээлч болчихсон байсан. Хааяа ийш тийш явсан үедээ сайн дураараа нэвтрүүлэг хийдэг. Өөрөө зургаа аваад, монтажлаад АНУ дахь Монгол тв-д өгдөг. Deegii Purev гэсэн өөрийн  Youtube сувагт байршуулдаг. “Facebook friends” нэртэй цуврал нэвтрүүлэг хийнэ гээд төлөвлөчихсөн. Хэд хэдэн дугаар хийгээд хоёр ч телевизд өгчихсөн сууж байсан. Гэтэл цар тахал улам эрчээ авч гарч ороход ч хэцүү болсон. Ингээд хүнтэй ч уулзах боломжгүй болсон хүн чинь гэртээ зүгээр сууж байхаар хүүхдүүддээ өмд хувцас оёод түүнийгээ фэйсбүүк дээрээ тавихаар хүмүүс ямар гоё юм манай хүүхдэд оёод өгөөч гэх мэт коммент бичнэ. Хадам дүү нарын олон жаахан охид байдаг. Тэдэнд даашинз оёж бэлэглэнэ. Бас л түүнийгээ ФБ найз нартаа сонирхуулна. Би авмаар байна хийгээд өгөөч гэнэ. Ингээд ганц хоёр хувцас хунар хийгээд зарж үзсэн.

Сүүлдээ бүр өмдчин болсон. Хүүхдийн баахан өмд хийгээд зараад байсан. Ингэж байгаад корона гайгүй болохоор гарч нэвтрүүлгээ хийнэ дээ гэж бодоод байтал гайгүй болдоггүй. Би чинь гэхдээ мэргэжлийн оёдолчин хүн л дээ. Дээд сургуульд орж чадаагүйнхээ дараа зүгээр сууж байхаар гээд Хан-Уул дүүргийн цагаан хаалганы тэнд байх Хөнгөн хүнсний коллежид хоёр жил сурсан. Энэ мэргэжлээрээ гуравхан сар оёдлын үйлдвэрт ажилласныг эс тооцвол, хааяа шинэ жилээр эгч дүү нартаа гоёлын даашинз оёж өгдөг болохоос ер энэ салбарт ажиллаж, амьдарна гэж бодоогүй. Гэтэл хүний сурсан эрдэм хэзээ хойно ч хэрэг болдог юм байна. Би чинь их олон мэргэжилтэй. Сэтгүүлч, оёдолчин, гэрэл зурагчин, зураглаач, тогооч, гоо сайханч, бичээч, үсэг өрөгч, жолооч, эвлүүлэгч гээд /инээв/. Энэ дотроос яг сургуульд сурч олж авсан мэргэжил нь оёдолчин, сэтгүүлч хоёр юм. Бусад нь дамжаа. Олон жилийн өмнө олж авсан оёдолчин мэргэжил маань гэнэт хэргээ гаргаж байна. Бүтэн жил гаруй янз бүрийн юм оёсон доо. Энэ бүхнийг хийж бүтээхэд нөхөр маань болон эгч, дүү нар маань их дэмжиж тусалж байгаа. Тэдэндээ маш их талархаж байгаагаа хэлмээр байна.  

-Ямар материалаар бүтээлүүдээ урладаг вэ?

-Солонгос материалын дэлгүүрүүдээс материалаа сонгодог. Гэхдээ гол санаа зовж байгаа зүйл бол материалын чанар. Хийсэн зүйлээ их үнэд хүргэж зарж чаддаггүй. Яагаад гэвэл өөрөө амьдрал дээр туршиж үзээгүй болохоор хэр чанартайг нь  сайн мэдэхгүй учраас нэг их үнэтэй хэлчихдэг өнөөх нь чанаргүй юм байх вий гэж санаа зовдог. Тиймээс цаашдаа өөрөө гаднаас чанартай материал оруулж ирэх тухай бодож байгаа.

-Захиалагчид хэр байдаг вэ. Хамгийн сонирхолтой захиалга өгч байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Дөнгөж л эхэлж буй бизнес болохоор олон захиалагч байхгүй л дээ. Гэхдээ ганц юм авсан хүн дахиад нэгийг захиалах, өөр хүнд хэлээд нөгөөх нь захиалга өгөх гэх мэтээр жаахан мэддэг болж байна. Хамгийн анхны захиалагч маань Одмаа гээд их сургуульд багшилдаг доктор бүсгүй хүүдээ өмд авсан. Тэр багш 6 удаа захиалга өгөөд байна. Анхны хүн маань багш сурган хүмүүжүүлэгч бас алдарт эх байсанд булган сүүлтэй байх гэж их бэлгэшээж байгаа. Сонирхолтой захиалга гэвэл янз бүрийн хүмүүсээс этгээд өвөрмөц янз бүрийн хувцас хийгээд өгөөч гэсэн зураг их ирнээ. Тэр бүрийг одоогоор хийж амжаагүй боловч хийнэ гэж бодож байна. Эсгүүр гаргахаас эхлээд амар биш загварууд байгаа.

-Ер нь хүмүүсийн хувьд ямар загварыг илүү сонирхдог вэ?

-Хараад байхад хүмүүс бусдаас өвөрмөц этгээд хувцаслахыг эрхэмлэдэг болсон байна. Энд тэндээс зураг загвар харах боломж ч зөндөө. Ер нь гудамжаар гараад явахад өөртэй нь адилхан хувцастай нөхдүүд энд тэнд явж байх нь тийм ч таатай биш. Тиймээс л хувцас загварын салонд цор ганцыг зөвхөн өөртөө яг тааруулж хийлгэх нь зөв л дөө. Уг нь яг тэгж захиалсан хувцас зэх зээлд байгаа хэрэглээний хувцаснаас хамаагүй үнэтэй байх ёстой. Гэхдээ цөөн тооны боломжтой хүмүүс нэртэй салонд нэг ширхэг хувцасыг нэг саяас дээш төгрөгийн үнээр захиалж авч байгаа нь бий. Гэхдээ ихэнх нь тийм боломжгүй.

-Одоогийн байдлаар хэчнээн бүтээл гаргаад байна вэ?

-Зарсан бэлэглэснээ тооцвол зөндөө байх. Харин яг одоо бэлэн байгаа нь 100 орчим юм бий.

-Та бүтээлүүдээ гэрээрээ худалдаалдаг уу. Ойролцоогоор үнэ өртөг нь хэд байдаг вэ?

-Манай нөхөр намайг “Чи бизнес хийж чадахгүй. Чам шиг 10 өмд оёод 4-ийг нь хүнд бэлэглэчихдэг хүн бизнес хийж чаддаггүй юм “гэдэг байсан. Гэртээ оёод гэрээрээ зараад хааяа хүргэж өгдөг байснаа түрээсийн байранд орсон. Юм оёхоор гэрээр нэг утас даавууны өөдөс хөглөрнө. Амьдарч байгаа хүмүүст ч тав тухгүй. Хүүхдүүд ч цэвэрлэсээр залхсан. Ямартаа л ээж нь ажлын байртай болсон гэсэн чинь "Ура ашгүй дээ" гэж баярлаж байх вэ. Үнийн хувьд харьцангуй хямд. Жаахан хүүхдийн өмд 5000-аас эхлээд  юу хийснээсээ, ямар үнэтэй материалаар оёсноосоо шалтгаалаад янз бүр.

-Ер нь гар урлалын бүтээл хийж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг хороо, дүүрэг, улсаас дэмждэг юм уу?

-Тийм дэмжлэг авах гэж хөөцөлдөөгүй. Зээл авъя ч гэж бодоогүй. Өөрөөсөө болгоё гэж л хичээж байна. Магадгүй өнөө 3 хувийн хүүтэй жижиг дундын зээл олдох ч үгүй биз. Өмнө нь тэр шугамаар нэвтрүүлэг хийж байсан л даа. Нийслэлийн дүүрэг бүрт Жижиг дунд үйлдвэрийн газрууд байдаг. Инкубатор төв гээд. Эхлэн бизнес эрхэлж байгаа иргэдэд байр гаргаж өгөөд ажиллаж хөл дээрээ босоход нь тусалдаг төвүүд. Гэхдээ тэр байр нь тэр бүр хүссэн хүмүүст тийм ч амар олдохгүй. Ихэнх хүмүүс өөрсдөө бор зүрхээрээ болгох гээд зүтгэдэг. Тийм төв байдгийг ч мэддэггүй , анзаардаггүй. Жижиг дунд бизнес чинь жижиг боловч маш олон өрх гэрийг авч явдаг жижиг гэлтгүй чухал. Хөл хориотой энэ хоёр жил дөнгөж өндийж байсан тэд бүр сүйрлээ шүү дээ. Өдөр тутам өчүүхэн орлого олж өрх гэрээ авч явдаг олон хүн дампуурлаа. Жижиг гэлтгүй бусад бүх л бизнес эрхлэгчид хэцүүдэж байна. Улс орныг нуруундаа авч явдаг хувийн хэвшлийнхнийг одоо  маш сайн дэмжих бодлого хэрэгтэй. Банкны хүүг бууруулах гэх мэт. Манай иргэд юуг л бол юуг хийчихэж байна. Гарын ур дүй сайн байна. Гол нь борлуулалт их чухал. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж тэдний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг болчихвол олон монгол айл, монгол хүн л сайхан амьдарна биз дээ?

Өмнөд Солонгосын жишээ гэхэд өөрсдийн машинаа унаад өөрсдийн хувцас хунараа л хэрэглээд, Монголд ирэхдээ хүртэл өөрсдийн эзэнтэй буудалд буугаад өөрсдийн эзэнтэй ресторанд орох жишээтэй. Айлын хүүхдүүд ийм айхтар. Магадгүй өндөр хөгжлийнх нь нууц импортын гэхээсээ илүү үндэсний үйлдвэрлэлээ түлхүү үздэгт байх. Манайд төрд ч, биенесийн салбарт ч тэр маш чухал бодлого, зөв зохион байгуулалт хэрэгтэй. Түүнээс монгол хүн дэлхийн хаана ч очоод хамгийн хүнд ажлыг төвөггүй хийж чадаж байна. Хүний газар биш эх орондоо сайхан амьдрах тэр боломжуудыг иргэддээ олгох нь чухал.Одоо бид тогоондоо нам гэж талцаж хэрэлдэж суух биш нэгдмэл  хүчтэй, нэг зүг рүү харж дэлхийтэй өрсөлдөхүйц чадалтай улс болохын төлөө ухаанаа уралдуулж гараа хөдөлгөх хэрэгтэй байна л даа. Ямар аймшигтай намчирхдаг юм бэ? Зүгээр сайн ажиллаж байсан хүн өөр намын гэдгээрээ ажлаасаа халагдаж оронд нь чадваргүй мэдлэггүй хүмүүс томилогдож улс орноор тоглож байна. Бизнес хийхээр татвар их, зээлийн хүү өндөр зэргээс болоод өнөө анх эхэлж хүсэж мөрөөдсөн том санаа нь аажмаар унтарч, шантарч, шахаанд орж дампуурч байх жишээтэй. 

-Энэ салбарт ороод удаагүй ч жаргал зовлонгоос нь хэр мэдэрч байна?. Зах зухаас нь дурьдвал?

-Мэдээж ажил бүрт өөрийн онцлог, жаргал бас зовлон байдаг. Сайхан нь гэвэл хүн хувцаслах, хооллох чинь их буян гэдэг шүү дээ. Тиймээс их буянтай ажил юм уу даа. Хийсэн хувцасыг маань хүн өмсөөд явж байхыг харах сонин бас сайхан санагддаг. Одоо  оёдол үйлэнд уран олон сайхан эмэгтэйчүүд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх онцлог бүхий брэндийг бий болгож байна. Байнгын үйлчлүүлэгчтэй ч болж. Гаднаас ямар л бол ямар материал ирдэг, оруулж ирэх боломжтой болсон. Иргэд маань ч үндэсний үйлдвэрлэгч бүсгүйчүүдийнхээ бүтээлээс өмсөх хэрэглэх дуртай болж. Ялангуяа өв соёл болсон үндэснийхээ дээлийг хүүхэд залуучууд хүртэл өмсөх дуртай болсон нь маш сайхан хэрэг. Дээл гэхээр хөгшин хүний хувцас юм шиг санадаг байсан цаг саяхан. Дэлхийн олон орноос ялгарах ганц зүйл чинь бидний хувцас хэрэглэл шүү дээ. Хэцүү тал нь гэвэл гаднаас импортоор Хятадаас, Солонгосоос, Туркээс гээд хаанаас л бол хаанаас өч төчнөөн хувцас хунар орж ирж байна. Зарим нь бүр бид материалаа аваад оёж зарахаас ч хямд тусаж байна. Энэ бүгдэд оёдолчин хүүхнүүдийн ажиллаж амьдрах боломж хумигдаж энэ салбараас жийгдэх хандлага гарч байна. Өөр ажил олоод хийх амар биш. Энэ мэргэжлээр ажиллаж амьдралаа авч яваа олон мянган эмэгтэйчүүд байгаа.

Ажаад байх нь ээ ихэнх нь өрх толгойлсон, амьдралын боломж тааруу, ээжүүд оёдолчин байх нь их байна. Энэ салбарт ороод оёдолчин хүүхнүүдийн нийгмийн амьдралыг сонирхож байгаа. Олон олон хүүхдийн амьдрал  хувь заяа оёдолчин ээжийн нуруун дээр байна. Гэхдээ дэлхийн зарим орны хүүхнүүдтэй харьцуулахад манай хүүхнүүд их дайчин. Жишээ нь, солонгос япон хүүхнүүд ихэнх нь эр нөхөр нь амьдралаа авч явдаг. Эхнэрүүд гэртээ байж хол унд хийх, үр хүүхдээ хүмүүжүүлэх зэрэгт л гол анхаарлаа хандуулдаг бол манай хүүхнүд бүгдийг зэрэг амжуулдаг. Ажлаа ч, ар гэрээ ч аваад явах чадалтай. Дээр нь өөрийгөө гоёхоо ч мартахгүй. Жишээ нь, Турк бол жинхэнэ оёдлын орон. Тэнд Европ руу гаргадаг бүх хувцас хунарыг оёж байна. Гэтэл Туркт оёдолчин хэн хийдэг вэ гэсэн чинь бавайсан сахалтай хар юм оёдлын машины ард сууж байх жишээний. Хүүхнүүд нь гэртээ. Монгол хүүхнүүд Туркт оёдолчноор их очиж ажилладаг. Чи чадах уу гээд бүр гайхдаг гэж байгаа. Чадна аа гээд л ажилладаг. Одоо бол оёдлын үйлдвэрийн эзэд монгол хүүхнүүд дайчин, ажилсаг гээд оёдолчноор авах их дуртай гэж байгаа.

Хөл хориотой үед түүнээс ч өмнө олон зуун оёдлын цех салонууд хаалгаа барьж ажилгүйдэлд нэрвэгдсэн гэж би Оёдол үйл эрхлэгчдийн холбооны мэдээллээс уншиж байсан. Ийм байхад энэ яах нь тодорхойгүй салбар руу орсон нь нэг талаар зоригтой ч юм шиг нөгөө талаар тэнэг ч юм шиг байж мэднэ. Гэхдээ бизнес хэзээ эхэлсэндээ биш хэрхэн яаж авч явахаас хамаарах байх. Өөрийн хүч чадал, зах зээлээ олж мэдрэх нь их чухал байх. Тиймээс шинэ салбарт судалгаа  маркетинг гээд шинээр сурах судлах зүйлүүд маш их байна.

-Хүмүүс захиалга өгөхөөр бол ямар хаяг, утсаар холбогдох боломжтой вэ?

-Цар тахлаас болоод гэртээ хоригдсон маань сүүлдээ миний үндсэн ажил болж хувирсан гэж хэлсэн дээ. Хэдийгээр ашиг орлого олох нь тодорхойгүй байгаа ч энэ чиглэлээр ажиллаад үзье гээд “Дэврүүн фэйшн” гэдэг нэр өгсөн. Зөндөө нэр бодож олсон боловч оёдол үйлтэй холбоотой нэрнүүд аль хэдийнэ зах зээлд гарчихсан. Дэврүүн гэгээн хүсэл мөрөөдлөөр, ямар ч хиргүй тунгалаг, эзэндээ ээлтэй гоё хувцас хийнэ гэсэн санаа. Одогоор хүүхдийн хувцас, эмэгтэй даашинз цув пальто, эрэгтэй пальто гэх мэт дан европ хувцас оёж байна. Яваандаа монгол дээл хувцас хийх санаа бий.

13 дугаар хорооллын Натур худалдааны төвийн зам дагуу Хасу төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулж байна. Лого зуруулахаар захиалга өгсөн. Зурж дуусахаар нь шошго хэвлүүлнэ. Туркт 10 жил оёдлын ажил эрхэлсэн нэг эгчтэй хамтарч ажиллаж эхэлсэн. Тэр эгч маань Монголд байхдаа англи, орос хэлний багш байсан юм билээ. Солонгост ч ажиллаж байсан. Англи, орос, солонгос, турк хэлтэй мундаг боловсролтой эгч бий. Мөн бас нэг бүсгүй саяхнаас ажиллаж эхэлж байна. Мөн л Туркт ажиллаж байгаад ирсэн. Ганцаараа байсан жим маань гурвуулаа болоод зам болж байна. Бид өдөр тутмын хэрэглээний хувцаснаас гадна албан байгууллага компаниудын оффис болон ажлын хувцасны захиалга авна гэж бодож байгаа. Анхныхаа захиалга болох арав гаруй үсчдийн хормогч, нөмрөг, маскийг хийж эздэд нь хүлээлгэж өгсөн. Болмоор юм билээ.

"Дэврүүн фэйшн" маань амжилттай байж өргөжин дэвжвэл "Дэврүүн брэнд" болж илүү өргөн хүрээнд, илүү загварлаг хувцас хунар хийнэ.  Бидэнтэй холбогдож захиалга өгөх бол 89898681 утас руу хандаарай. Бид таныг дуртайяа хүлээн авах болно. Хүсэл мөрөөдөл, чиг зорилго минь өөрчлөгдсөн ч нэг их буруудаагүй сонголт байх гэж бодож байна. Би нээрээ “Гоё л амьдаръя” гэдэг нэртэй нэг групптэй. Тэнд хүнийг урам дэмээр хөглөх, амьдралаас авч болох хамгийн сайн сайхныг түгээх юмсан гэж боддог. Тэртэй тэргүй хар бараан мэдээ, үйл явдлуудаар дүүрсэн энэ нийгмээс гэрэл гэгээ олж харахыг хичээх гэж. Тиймээс завсар зайгаар нь тэр групптээ сонирхолтой мэдээ нийтлэл бичих, богинохон гоё видео бичлэгүүд оруулах бодолтой байгаа.

-Эцэст нь, залууст хандаж хэлэх таны үг...?

Ер нь хүн амьдралд өдөр бүр суралцаж байх хэрэгтэй. Чиний сурсан зүйлийг хэн ч булааж авахгүй. Чамтай хамт насан туршдаа байх хөрөнгө л гэсэн үг. Өнөөдөр хэрэг болохгүй ч маргааш заавал хэрэг нь гардаг. Зах зээл хүнийг ганц мэргэжилтэй биш олон мэргэжилтэй, хөрвөх чадвартай байхыг шаардаж байна. Дэлхий ертөнцийг таньж мэдэхийн тулд хэл сур. Тулга тойрч биш дэлхий тойрч амьдар. Бидэнд интернэт гэдэг дэлхийг атгачихсан боломж байна. Дэлхий даяарчлагдсан энэ үед хаана ч ямар ч оронд очоод ажиллах чадварыг өөртөө бий болго. Гол нь эрүүл байхад бүхнийг бүтээж чадна.  Сайн сайхан амьдрах бүхий л боломж зөвхөн өөрт чинь л байдаг. Архи дарснаас хол байж амьдралын цоо шинэ сонирхолтой хэв маягийг эрхэмлэ. Гоё гоё хоббитой бол л гэж хэлмээр байна. Эцэст нь би ямар сүрхий том бизнесмэн биш. Дөнгөж л өөрийн гэсэн гарааны бизнесийг чадан ядан хөгжүүлэх гэж яваа жирийн л нэг эмэгтэй. Гэсэн ч намайг зорьж ярилцлага авсан танай сайтын хамт олонд маш их баярлалаа. Уран бүтээлийн олз омгоор дүүрэн байж олон сайхан гэгээн мэдээ, нийтлэлүүдээр уншигч олны мэлмийг мялаах болтугай. Ажил үйлсэд нь амжилт хүсье.

-Танд баярлалаа. Амжилт хүсье. 

“Дэврүүн фэйшн”-ий загваруудаас сонирхуулъя. 

 

нийтлэгч:

Сэтгэгдэл