• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-11-08 16:22:12

МАН-ЫН БҮЛЭГ АЖЛЫН ТАВ ХОНОГИЙН ЗАВСАРЛАГА АВЛАА

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал тусгагдсан. Эдгээр асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улс “саарал жагсаалтад” орсонтой холбоотой асуудлыг ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хаалттай горимоор авч хэлэлцэхээр болсон учраас Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг түр хойшлуулж, эдгээр албан тушаалтныг хаалттай хуралдаанд байлцуулан тайлбар, мэдээллийг нь сонсох шаардлагатай гэсэн горимын санал гаргасан боловч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй.

Тиймээс эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. Тус хорооны дарга С.Даваасүрэн нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсэн тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг үндэслэн уг асуудлыг хэлэлцүүлж буйгаа тэрбээр танилцуулсан юм. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав. Улсын Их Хурлын даргын танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, Н.Амарзаяа, А.Ундраа, М.Билэгт нар асуулт асууж тодруулан хариулт авав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар холбогдох Байнгын хороод ажлын хэсэг гарган ажиллуулж, үйл ажиллагаа нь учир дутагдалтай байна гэсэн санал, дүгнэлтийг удаа дараа гаргаж байсан, мэргэжлийн холбоодоос ч гомдол, хүсэлтээ ирүүлсэн байсан. Мөн Улсын Их Хурлын зарим гишүүдийн зүгээс тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох төсөл өргөн мэдүүлж байсан. Түүнчлэн Монгол Улс “саарал жагсаалтад” орж, улс орны нэр хүнд унасан, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй болсон учраас холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай болсон. Иймээс нийгэмд бий болсон хүлээлт, шаардлагын дагуу хариуцлагын асуудал яригдаж байгаа гэдгийг хэлж байв.

Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа. 

нийтлэгч:

Сэтгэгдэл